Corvette худалдаж аваад мотороо өөрөө угсар

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Corvette худалдаж аваад мотороо өөрөө угсар

Машин худалдаж авахдаа ихэнх  тохиолдолд бүх зүйл нь бэлэн, унаад явахад бэлэн машин авна гэж ихэнх хүн боддог. Харин тодорхой хэмжээний төлбөр хийсэн хэрэглэгчдэд өөрсдөө “Chevrolet Corvette” загварын машиныхаа моторыг угсрах боломжийг “General Motors” компани олгож байна. “Corvette Z06, ZR1” загварын автомашинууд худалдаж аваад 5,800 ам.доллар төлөөд “Мотор угсарсан мэдрэмж” хэмээх энэ хөтөлбөрт хамрагдаж болно. Эдгээр нь хүчин чадал ихтэй Корветт загварын автомашины моторууд бөгөөд “General Motors”-ын төв байрладаг Детройт хотын ойролцоо байдаг “Wixom” дахь үйлдвэрт гар аргаар угсардаг юм. Харин автомашины бусад хэсгийг нь “General Motors”-ын өөр үйлдвэрт угсардаг.

Нэмэлт төлбөр хийсэн хэрэглэгчид Виксомд очин “General Motors”-ын техникчдийн удирдлага, зааварчилгаагаар өөрсдийн машины моторыг угсрах болно. Угсарч дууссаны дараа тухайн хүний нэр бүхий тусгай шошгийг моторт хадах бөгөөд Моторыг “Bowling Green”-д байдаг “General Motors”-ын өөр үйлдвэр рүү шилжүүлэх бөгөөд тэнд автомашинд суурилуулах болно. “Нэг ёсондоо энэ бол Корветт жолоодогчийн мөрөөдлийн хөтөлбөр. Би өөрийнхөө 67 оны Веттэд 427 загварын хөдөлгүүр өөрөө угсрах боломж байсан бол шууд л оролцох байсан” гэж “GM-ийн олон улсын үйлдвэрлэлийг хариуцсан дэд ерөнхийлөгч Том Стефенс ярьж байна.

Ойролцоогоор 70 мянган ам.доллараар зарагддаг Z06 нь 505 морьны хүчтэй, V8 загварын 7.0 литрийн хөдөлгүүртэй. Харин 110 мянган ам.доллараар зарагддаг ZR1 нь 638 морьны хүчтэй бөгөөд 6.2 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй. Хэрэглэгч нь өөрөө угсарсан моторуудад “GM” бусад хөдөлгүүрийн адил 5 жил буюу 100 мянган милийн баталгаа өгөх юм байна. Виксомд очих тээврийн зардлаа хэрэглэгч өөрөө хариуцах бөгөөд харин Детройтод буух буудал, хоол, хүнсний асуудлаа шийдвэрлэхэд нь “GM” туслах юм байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж