
Туркийн Кайсери хотноо FIDE буюу Олон улсын шатрын холбооны дэлхийн өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах сондгой насанд тоглох тэмцээнд оролцож буй манай хоёр өсвөрийн шатарчин эхний тоглолтуудаа хийлээ. Охидын 17 насны ангилалд оюун ухаанаа сорьж буй А.Энхтуул 21-нд болсон эхний тойргийн тоглолтыг өнжсөн бөгөөд өчигдөр хоёрдугаар тойргийн тоглолтоо Арабын нэгдсэн Эмиратын Марьяам Аль-Ансирагийн эсрэг хийж, эхний хожлоо авсан байна. Манай тамирчин өнөөдөр гуравдугаар тойргийн тоглолтдоо зохион байгуулагч орны шатарчин Соп Селентэй тоглох юм.
Мөн охидын 15 насны ангилалд Б.Баярмаа эхний тоглолтоо Туркийн шатарчин Гуркан Айтолунтай хийж, тэнцсэн бол хоёрдугаар тойрогт Туркменистаны тамирчинг хожсон байна. Б.Баярмаа өнөөдөр гуравдугаар өргийн тоглолтоо Туркийн Сасмазел Буркугийн эсрэг хийнэ.
Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй дэлхийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-ныг дуустал үргэлжлэх бөгөөд дэлхийн 29 орны 400 орчим шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.
С.Цэлмэг