Европын банкнууд стресс тест хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Европын банкнууд стресс тест хийлээ

Европын банкнуудын эрүүл байдлыг дахин
шалгалаа. Европ даяар зохион байгуулсан, 91 банкийг хамарч явуулсан
стресс тестийн дүнг удахгүй олон нийтэд зарлах болно. Энэ нь хөрөнгө
оруулагчдыг Европын санхүүгийн салбарын эрүүл байдалд итгүүлэхийн тулд
авч байгаа арга хэмжээ юм.
Шалгалт, туршилтаар банкнууд ирээдүйд учирч болох эдийн засгийн хямралын
шокийг давж гарах бэлтгэл хэр байгааг туршсан байна. Туршилтанд
хамрагдсан банкнууд дотор Их Британийн дөрвөн том банк болох “RBS”,
“Lloyds”, “HSBC” “Barclays” нар багтаж байгаа. Их Британийн банкнууд
туршилтыг амжилттай давах болно гэж Их Британийн “Санхүүгийн
Үйлчилгээний Алба” өмнө нь мэдэгдэж байсан юм. Туршилтанд санхүүгийн
хувьд эмзэг байдалтай гэж тооцогдож байгаа Герман, Испанийн банкнууд мөн
хамрагдсан бөгөөд Испаниас нийтдээ 27 банк туршилтанд хамрагджээ.
Испанийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл нурсантай холбоотойгоор Испанийн
зээлдэгчид их хэмжээний алдагдал хүлээсэн тул хүнд байдалд байгаа юм.
Францын дөрвөн банкны дүн гараагүй байна.
Францын банкнууд туршилтанд бүдрэх шалтгаан байхгүй гэж Францын төв
банкны дарга Кристиан Нойер ярьсан. Испанийн албаны хүмүүс мөн банк нь
амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ оны эхээр
Европ даяар санхүүгийн хямрал үүсгэсэн Грекийн том банкнууд энэ
туршилтанд хамрагдаж байгаа. Долоо хоногийн эхээр Грекийн санхүүгийн
сайд Жорж Папаконстантиноу банкнууд нь туршилтаас “ямар ч асуудалгүй”
гарах болно гэж ярьсан.
Туршилтыг амжилттай давахын тулд өгөгдсөн нөхцөл байдлын хувилбаруудад
банкнууд өөрсдөд нь байгаа капитал хангалттай өндөр байх болно гэдгийг
харуулах ёстой. Эдгээр нөхцөл байдлын хувилбаруудад эдийн засгийн
өсөлтийн үед гэнэтийн хямрал болох, засгийн газрын бондын зах зээл дээр
хямрал болох зэрэг сценариуд багтаж байна. Туршилтын үр дүнг Европын
Банкны Хяналтын Хороо зарлах болно. Туршилтаас нааштай үр дүн гарна гэж
хөрөнгө оруулагчид итгэл төгс байна. Пүрэв гаригт санхүүгийн
байгууллагуудын хувьцаанууд хүчтэй арилжаалагдаж байгаа бөгөөд
“Barclays”-ын хувьцааны ханш 4.6 хувиар нэмэгдсэн байна. Франкфуртэд
“Deutsce Bank”-ны хувьцааны ханш 4.1 хувь өссөн бол Францын “Credit
Agricole”-ын ханш 5.5 хувь өссөн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж