Аршад Сайед:Бэлэн мөнгө тараах аюултай

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Аршад Сайед:Бэлэн мөнгө тараах аюултай

Дэлхийн банкны суурин  төлөөлөгч Аршад Сайедыг танихгүй монгол хүн цөөн болжээ.  Бараг жарны тэртээгээс хөгжиж байгаа орнуудад ядуурлыг бууруулахын тулд урт хугацааны хөтөлбөр боловсруулж, зээл олгож буй Дэлхийн  банк хэмээх энэ том айлын талаар талын монголчуудад, тэгэхдээ бүр гэр хорооллын багачууд, алс тэртээх малчны суурьт хүртэл нь танилцуулж амжсан энэ эрхэм нутаг буцах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр өчигдөр “Монголын эдийн засгийн өсөлт ба дараагийн шат” нэртэй лекцийг уншлаа. Дөрвөн жилийн турш манай улсад ажилласан эдийн засагчийн лекц үнэндээ л манай эдийн засгийн толины тусгал байсан гэж болно. Түүний ажиллах хугацаанд дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртөж, хүндхэн үеийг даван туулсан бөгөөд Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт, бууралтын аль алийг туулсан ороо бусгаа цаг үе байлаа. Тэрбээр “Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд үеийг туулан гараад байна. Одоо байдал харьцангуй тогтворжиж эхэллээ. Хойшид ч тогтвортой байна гэж найдаж байгаа. Гэвч та бүхнийг маш олон сорилт хүлээж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө би уул уурхайн баялаг нь энэ улсад бурхны хишиг үү, “хараал”-ын уурхай юу гэдэг асуултыг нээлттэй орхисон юм. Харин одоо энэ асуултад хариулж чадахуйц мэдлэг, мэдээлэлтэй болсон. Монгол Улс эрдэс баялгаа бурхны хишиг болгон ашиглах боломж байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Гагцхүү энэ хишгийг зөв зүйлд зарцуулж, улс орноо улам илүү хөгжүүлэхийг хүсэн ерөөж байна” гэсэн юм. Аршад Сайедийн энэхүү лекц хэн нэг гадны хүний өөч гооч нүдээр харсан, эсвэл үнэнийг мэдсэн ч эс мэдэгчийн байр сууринаас худал хуурай магтсан зүйл байсангүй. Өнөөгийн бидний амьдралыг, монголын нэгэн өрх гэр бүлийн гишүүн “зовлон жаргал”-аа хуваалцаж буй мэтээр энгүүн өрнөснөөрөө онцлог байлаа. Суурин төлөөлөгчийн хамгаас их сэтгэл зовинон өгүүлсэн зүйл бол эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, залхуу хойрго байдал байсан юм.
-Их бага ямар ч хэмжээний мөнгийг бэлнээр тараахдаа тун болгоомжтой хандах хэрэгтэй. Бэлэн мөнгө тарааснаар инфиляци  өсөхөөс гадна хүмүүсийн ажил хөдөлмөрлөх хийх урам зоригийг мохоох аюултай. Халамж үйлчилгээ, улстөрийн амлалтаас болж хүмүүсийн дунд хүлээлт үүсээд байна. Өөрөөр хэлбэл тэдний хүсэл тэмүүлэл бодит байдлаас дэндүү түрүүлээд байгаа ажиглагддаг гэсэн юм. Энэ бол гашуун боловч үнэн билээ. “Нэг сая таван зуун мянган төгрөгөө авахаараа өрөө дарна” гээд зээл тавьсан хүн цөөнгүйн дээр  тэр мөнгөө ам бүлийнхээ тоогоор үржүүлээд машин унаа авах, байшин барилга барих, орон гэрээ тохижуулахаар төсөвлөж төлөвлөөгүй хүн бидний дунд бий бил үү. Гэтэл өдөр бүр шинээр мэндэлж буй хүүхдүүдээ оруулаад цөмөөрөө нэг сая таван зуун мянган төгрөгтэй болоход Оюутолгойн гурван жилийн турш төлөх татвар ч бараг хүрэлцэхгүй гэдгийг мөн үеэр хэлж байсан юм. Ийм л мөрөөдлийн амлалтыг хойшид хязгаарлаасай гэж ноён Аршад Сайед хүссэн.
Оюутолгой, Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурж, төслийг эхлүүлнэ гэдэг бол сайн хэрэг. Цаашид гэрээг яаж хэрэгжүүлэхээс их зүйл шалтгаална. Томоохон орд газрын гэрээний хувьд цаашид хамгийн түрүүн анхаарах зүйл бол нэгдүгээрт татварын тогтолцоо. Хоёрдугаарт дэд бүтэц, гуравдугаарт төсөл хэрэгжүүлэхэд хувийн секторыг татан оролцуулах явдал гэсэн юм. Томоохон төсөл хөтөлбөрөөс орж буй хөрөнгийг хувь хишиг түгээх хэлбэрээр үргүй цацах бус хүнээ хөгжүүлэх, боловсрол,эрүл мэндийн үйлчилгээг бэхжүүлэхэд зориулах нь чухал гэдгийг ч мөн онцолж байлаа. Уул уурхайн салбараа түшиглэн зөв хөгжиж буй Чили, Норвегиос авах зүйл Монгол их бий. Дэлхийд гайхуулж чадааргүй ч баялгийн менежментийг амжилттай хэрэгжүүлсэн улсын нэгд Ботсванаг дурдаж байлаа.  Африк тивийн Ботсвана нь далайд гарцгүйн дээр хүн амын тоогоор ч манайхтай ойролцоо. 1966 онд тусгаар тогтнолоо зарлах үед тус улсын ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээ 70-90 ам.доллар байсан бол өдгөө 3500 ам.доллар болтлоо өсчээ. Тус улс алмааз эрдэнийн баялагтаа түшиглэн хөгжсөн бөгөөд тус улсын төсөв хөрөнгө ард олондоо ил тод, нээлттэй байдгаараа онцлог ажээ. Засаглалын хувьд тун өвөрмөц отог омгоос эхэлдэг хэдий ч төсвийг дээрээс төлөвлөх бус омгийн төсвөөсөө эхэлдэгээрээ манайхаас ялгаатай юм байна. Суурин төлөөлөгчийн жишээ татан онцолсон Ботсванад авилга хээл хахууль тун бага байдгийг тус улсад гурван жил гаруйн хугацаанд ажиллаад ирсэн нэгэн эмэгтэй лекцийн үеэр онцолж байлаа.
Түүнийг суурин төлөөлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаанд Дэлхийн банкнаас 120 сая ам.долларын зээл тусламжийг манай улс руу илгээжээ. Үүний тал хувь нь тусламж ажээ. Гэвч аливаад мөнгө, мөнгөний дүн чухал биш гэдгийг тэрбээр тодотгосон. Монгол Улсад  мөнгө босгох олон төрлийн боломж бий. Харин мэдлэг, туршлага гэдэг бүхнээс эрхэм гэдгийг хэлсэн юм. лекцийнхээ төгсгөлд эрхэм суурин төлөөлөгч “Би Монгол” нэртэй нэгэн шүлэг тэрлэснээ уншиж сонсгосон. “Бусдын мэдэхгүй агуу их баялаг, бусдын олж чадахгүй үнэт зүйлс, бусдын олж харахгүй гоо үзэсгэлэнг бие сэтгэлдээ тээж монголчууд хармсах гуних зүйлгүйгээр уужуу тайван урагш тэмүүлээрэй” хэмээн тэрбээр шүлэглэжээ. Монголд элэгтэй ээлтэй энэ эрхэм Вашингтон хотод байрлах Дэлхийн банкны төвдөө ажиллахаар удахгүй мордох ажээ.
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж