
Яагаад энэ бүхэн АНУ-ын хувьд амин чухал болоод байна вэ гэвэл хариулт нь энгийн. Хятадууд хяналтаа тавьчихсан гээд байгаа тэдгээр ховор олдоцтой металлууд нь АНУ-ын зэвсэглэлийн хамгийн шинэ үеийн технологид амин чухал үүрэгтэй юм. Нисэгчгүй онгоц,пуужинг чиглүүлэгч систем, “ухаалаг” бөмбөг болон шөнийн дуран хараа гээд өнөөгийн зэвсэглэлд зайлшгүй байх ёстой зэвсгүүдийг тэдгээр ховор олдоцтой металлуудгүйгээр хийх ямар ч боломжгүй ажээ. Чухам ийм учраас л Пентагоныхон сандарч “гүйлдээд” байгаа нь бас ч аргагүй. Хэрэв ховор олдоцтой металлыг ашиглах боломжгүй болбол АНУ-ын цэргийн технологи 1960-аад оны үед Солонгосын хойгт байлдаж байх үеийнхээ хэмжээнд очих болоод байна гэж Пентагоныхан үзэж байгаа гэнэ. Тийм ч учраас ховор олдоцтой металлыг технологийн витамин гэж нэрийдэх нь бий.
Ямхын онолоор тивийг эзлэх нь
Ховор олдоцтой металлыг ашиглах технологийг “төрсөн нутгаас” нь буюу АНУ-аас нутаг руугаа зөөх санааг хэрэгжүүлэхэд хятадуудад 20 жил л хангалттай байсан гэж америкчууд үзэж байгаа юм. Гэхдээ энэ технологийг зөөж аваачих гэдэг бол Хятадын агуу төлөвлөгөөний зөвхөн эхлэл төдий зүйл гэнэ. Цаашдаа тэд ховор олдоцтой металлыг машин үйлдвэрлэл болон уул уулрхайн олборлолтын үйлдвэрлэлд ашиглах чиглэлээр эргэлт хийх зорилт тавьж байгаа аж. Өнөөгийн хүчирхэг эдийн засгийн өсөлтөөрөө бий болсон асар их хөрөнгө мөнгөний хүчээр хятадууд дэлхийн ашигт малтмалын бүх л нөөцийг худалдан авч байна гэж АНУ-ын шинжээчид мэдэгдсээр байгаа аж. Зэс, төмөр, тугалга гээд олон нийтийн мэддэг цөөхөн хэдэн ашигт малтмалын нэрс бол тэдний худалдан авсаар байгаа өөр бусад нөөцүүдийн нэг л хэсэг нь болох аж. Хятадын хуримтлуулсан гадаад валютых нь асар их нөөц тэр дороо л үнэ нь үл буурах “хатуу нөөц” болон хувирсаар байгаа гэнэ.
Тэдний зорилго ямар ч буун дуугүйгээр дэлхийд ноёлох болж байгаа бөгөөд барууныхны сэхээтэнлэг, ёс зүйтэй үзэл баримтлал нь хятадуудыг энэхүү зорилгоо биелүүлэхэд нь харин ч их тус болж байгаа гэж АНУ-ын зарим шинжээчид үзсээр байна. Учир нь өнөөгийн АНУ-д газар аваад байгаа байгаль хамгаалах хөдөлгөөн гэх зэрэг сэтгэл хөдөлгөм тэмцлийн эцэст америкийн хүнд үйлдвэрүүд аль болохоор бусдаар ажлаа хийлгэх болсон нь ийнхүү технологи болоод нөөцийн давуу байдлаа алдахадп хүргэж байна гэж үзэж байгаа юм. Хятад өөрийн зорилгод ямар ч үнээр хамаагүй хүрэх эрмэлзэлтэй байдаг тул эх орондоо” ногоонтнуудад” хавчигдсан америкийн үйлдвэрлэгчдийн хар бор ажлыг нь хийх нэрээр эцсийн дүндээ өөрсөддөө хожил авчрах нүүдэл хийж чаджээ.
Америкчууд өөрсдийгөө боомилж байна уу
Өнөөдөр америкчууд дунд сургуульд байхаасаа эхлэн үйлдвэр компаниудыг бараг л үзэн яддаг болтлоо хүмүүжин гарч ирдэг нь нөгөө талдаа эх оронч бус болгож байгаа хэрэг юм гэж АНУ-ын нэгэн эрдэмтэн өөрийнхөө нийтлэлд дурдсан байна. Түүний хэлж байгаагаар ийнхүү хүмүүжиж, дээр нь ногоонтны хөдөлгөөнд автаж байгаа америкчууд өдийг хүртэл тэдний амьдарч байгаа нийгмийг нь тэжээсээр ирсэн АНУ-ын үндэсний үйлдвэрлэлүүдийн шат дараалан сүйрч байгааг хөндөлөнгийн хүн шиг харж суухад хүргэж байгаа аж. Мөн зарим нь өөрийн санаачилгаар ийнхүү сүйрүүлэхэд нь ч оролцох болсныг АНУ-ын орд газрын геологийн нэр хүндтэй мэргэжилтэн болох Дэн Горскийн шүүмжилж байгаа юм.
Дэн Горскийн энэ шүүмжид АНУ түүхий эдээ өөрсдөө гарган авч түүгээрээ мөн л өөрсдөө бүтээгдэхүүнээ хийж байх нь улс орны цэргийн хүч чадал хийгээд амьдрах чадварых нь төвшинг илтгэн харуулах болно гэдгийг ойлгох цаг хэдийнэ болчихоод байна гэжээ. Түүний хэлж байгаагаар бол төрийн бус байгууллагуудын өрөөсгөл тэмцэл, хүнд сурталт хянагч байцаагчдын уршгаар зуун доллар зарах ажилд өнөөдөр тэрбумыг зарцуулж, хэдхэн сарын ажлыг хэдэн арван жилээр хийж гүйцэтгэх болсон гэнэ. Хэрэв энэ бүхнийг тооцож үзвэл АНУ бараг гучин жилээр хоцорч алдсан бүхнээ нөхөж авах боломж ч байхгүй болсон гэж үзэж байгаа аж. Мөн АНУ-ын Хүрээлэн байгаа орчны удирдах газраас сүүлийн үед ололттой явж байгаа занарын хийн болон нефтийн олборлолтууд болон Техас дахь нефьт-химийн цогцолборын үйл ажиллагаанд хориг тавих нөхцөл байдал бүрдчихээд байгаа юм байна. Энэ бүхэн нь нэгэнт хямраад байгаа АНУ-ын хүнд үйлдвэрэлийн хөгжилд дахин хүнд цохилт болох ажээ.
Нэг талаасаа иргэний нийгмийн идэвхжүүлэгч тулгуур болох ногоон хөдөлгөөн зэрэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих нь зайлшгүй боловч үнэн хэрэгтээ харилцан уялдаагүй нийгмийн секторуудын бие биенээ сөрсөн үйл ажиллагаа эцсийн дүндээ бүхэл бүтэн нийгмийг эргээд хямралд оруулах болсон гэж АНУ-ын хөндлөнгийн шинжээчид үзэх болсон байна. Ийм шүүмж гаргаж байгаа шүүмжлэгчид өөрийн улс орны үйлдвэрлэгчдийг буюу тэжээгчдээ “дэгээдэж” унагах гэж улайрахын оронд Мексикийн буланд болсон дэлбэрэлтийн гол буруутан болох Бритиш Петролеум зэрэг гадаадын компаниудад өгч байгаа эрх мэдлийн талаар бодолцохыг уриалж байгаа аж.
АНУ-ын хэвлэлээр гарсан мэдээллээр бол энэ ослын улмаас болж учирсан байгаль экологийн хямрал нь урт хугацаанд үргэлжлэх нь тодорхой бөгөөд хамгийн их санаа зовоож байгаа бас нэг зүйл бол энэ осолтой холбоотойгоор Мексикийн буланд нефть олборлохыг бүхэлд нь хориглосон явдал гэнэ. Үүнээс болж АНУ-ын үйлдвэрлэлийн салбар ч олон жилийн ужиг хямралд орж болохоор байгаа аж. Хэрэв энэ мэт “хөлдүү” шийдвэрүүд ар араасаа гарсаар байх аваас тун удахгүй АНУ-д ямар ч авьяастан, тэдний бий болгосон ямар ч шинэ технологи бүтээл байхгүй болж, улмаар техник технологийн шинэчлэлийг бий болгох хөрөнгө мөнгө ч үгүй болно гэж үзэж байгаа юм байна. Тэртээ өнгөрсөн зууны эхээр коммунист сурталч Лев Троцкий нэгэнтээ тодорхойлсон “түүхийн шүүлтүүр” дээр тунаж үлдсэн шаар шиг болоход ойрхон ирлээ гэж америк эрдэмтэд зүгээр ч нэг санаа нь зовниогүй бололтой.
М.Наст