Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 23-ны баяр

Халим, усан гахайн дэлхийн өдөр

Өнөөдөр дэлхий даяар Халимын дэлхийн өдрийг (World Whale Day) тэмдэглэдэг. 200 жилийн өмнөөс халимыг агнуурын зорилгоор хайр найргүй устгаж эхэлснийг   Олон улсын халимын комисс хориг тавьсан 1986 онд энэ баярыг бий болгожээ. Тэр хориг өнөөг хүртэл үйлчлэн дэлхий даяар халим агнуур ба халимын мах худалдах нь хориотой хэвээр байна. Гэхдээ энэ өдөр зөвхөн халимыг хамгаалахад чиглэгдээгүй бөгөөд мөн далайн хөхтөн сүүн тэжээлтнүүдийг хамгаалахад мөн чиглэгджээ.

Египетийн хувьсгалын өдөр

Египетийн улсын гол баяр болох 1952 оны хувьсгалын өдөр.

Александрийн Монтаза ордонд Фарук хаан ширээнээс татгалзсан баримтад гарын үсэг зураад дарвуулт завиараа улс орноо орхин гарчээ

Долдугаар сарын 23-ны шөнө “Чөлөөт офицерүүд” гэсэн армийн нууц байгууллага дайн тулаангүйгээр нийслэлийг эзлэн түр Засгийн газар байгуулжээ.  Ингэж анх удаагаа Египетэд хаант засаглалгүй захиргаа тогтлоо.

Өдрийн ишлэл

“Бид арабууд!”

(Египетийн хувьсгалын гол уриа)

“Чөлөөт офицерүүд” байгууллагын тэргүүн Мухаммед Нагиб (төвд нь), хувьсгалт эргэлтийн гол зохион байгуулагч Гамаль Абдель Насер (зүүнээс). Жил хагасын дараа Нагиб баривчлагдаж, дараа нь Насер ерөнхийлөгч болжээ.

Хувьсгалын удирдагч нарт бүх ард түмэн нь нэгэн гэр бүл мэт санагдаж байсан юм. Шинэчлэл хийхийн тулд нам ба парламентын хэлэлцүүлэг хэрэггүй. Газрын эздийн газрыг тариачдад тарааж, гадаадын цэргийг хөөн гаргах нь тэдний ардчилалд хэрэгтэй байсан аж. Тэдний уриа нь дотооддоо хэрэгтэй байсан бөгөөд гадаад бодлогод хэрэггүй байжээ. Арабчуудын нэгдмэл, ерөнхий шударга хуультай улс байгуулах нь гүйцэгдэшгүй мөрөөдөл хэвээр байгаа юм.

Үйл явдал

Азтай хулгайч Жек Шепард баригдлаа

1724 ОН: Лондон хотноо азтай гэгдэх хулгайч бөгөөд дээрэмчин, шоронгоос олон удаа оргон алдаршиж XVIII  зууны Робин Гуд болсон Жек Шеппартыг (1702-1724) хотын гэмт хэргийн бүлэглэлийн атаманы матаасаар баривчилжээ. 1724 оны дөрөвдүгээр сараас есөн сарын дотор түүнийг дөрвөн удаа баривчлаад хорьж байсан боловч тэрээр дөнгөө тайлан цонхны сараалж төмрийн завсраар ухаан санаанд багтмааргүй аргаар оргож байлаа. Дөрөв дэх удаагаа барин түүнийг гинжээр шоронгийн шаланд хадан дөнгөлсөн байсан ч Шеппард бас дахин оргож чадсан гэдэг. Согтуугаар зодоон гаргасных нь дараа түүнийг тав дахь удаагаа барьж хориод , арваннэгдүгээр сарын 16-нд дүүжлэн цаазалсан байв. Цаазыг харахаар 200 мянган хүн цугларсан байжээ.

Гимнастикийн олон улсын холбоо байгуулагдав

1881 ОН: Бельгийн Льеж хотноо дэлхийн хамгийн ахмад спортын байгууллагын нэг Гимнастикийн олон улсын холбоо- FIG (фр. Federation Internationale de Gymnastique) байгуулагджээ. Үүнээс хойш 11 жилийн дараа  Тэшүүрийн ба Завьт сэлүүрийн олон улсын холбоод дараагийн хоёр дахь жилд нь Олон улсын Олимпийн холбоо байгуулагджээ. Тамирчдын бусад нэгдлүүд нь зөвхөн ХХ зуунд үүсчээ. FIG-ийн ерөнхийлөгчөөр тус байгууллагыг 82 хүртлээ толгойлсон Никола Куперус сонгогдсон байлаа Эхлээд Бельги, Нидерланд, Франц гэсэн гурван улс холбоонд байсан ба 1897 онд түүнд Европын 17 улс нэгдсэн байв. АНУ тус холбоонд 1921 онд элссэний дараа өнөөгийн FIG нэр нь бий болсон гэнэ. Энэ холбоонд спортын гимнастик, уран сайхны гимнастик, спортын аэробик, спортын акробатик, батутын үсрэлт ба ерөнхий гимнастик гэсэн зургаан төрөл хамаарагдаж байна.

Бархасвадийн ээлжит дагуулыг нээв

2000 ОН: Бархасвадь гаригийн ээлжит дагуулыг нээж  S/1999 J1 гэсэн түр нэрийг өгсөн байна. Энэ үйл явдлаар Нарны аймгийн гаригуудын шинэ дагуулыг нээхээр оролдож байсан 20 жилийн хоосон хайлтад төгсгөл ирэв. Үүний дараа шинэ “сар” маш олноор нээгдэж байлаа. Зөвхөн Бархасвадь гаригт 40 гаруй дагуул нээгдсэний 12-ыг нь 2000 онд олжээ. Өнөөдөр уг гаригийн дагуулуудын тоо 63 хүрсэн байна. S/1999 J1 дагуулыг Аризона мужийн их сургуулийн одон орончид хийж түүнийг нь Массачусетсийн одон орны төв баталжээ. Дөнгөж  таван км-ын голчтой уг дагуул гаригаа 744 хоногт нэг удаа тойрдог аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж