Нэг хэргийн хоёр гогцоо

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Нэг хэргийн хоёр гогцоо

Нэг хэргийн хоёр гогцоо
Улсын ерөнхий прокурор Д.Дорлиг­жав гурав дахь удаагаа АТГ-ын дарга Ч.Сангарагчааг албан тушаалаас нь түдгэлзүүлж өгөх хүсэлтээ УИХ-ын даргад өчигдөр хүргүүллээ. Ха­рин үүнтэй зэрэгцээд цацагдсан нэ­гэн мэдээлэл нь УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа талаар байв. Өмнө нь ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо АТГ-ын даргыг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэх үеэр энэ хэргийг дахин сэргээж байсан юм. Үүнийг зарим нэгэн ажиглагчид Ч.Сангарагчаагийн зориудаар хийж буй үйлдэл гэх хүмүүс байна. Үүнээс өмнө Л.Гүндалайн хэрэг сөхөгдөхөд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг хүчингийн хэрэг хийсэн гэх хэрэг мандсан. Хүндүүлсэн гэх эмэгтэй нь УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр болон Л.Гүндалайн өмгөөлөгч тухай ч шуугиад амжсан билээ. Сүүлийн үед энэ мэт асуудал гарч ирэхэд сөргүүлэн хэн нэгний асуудлыг гаргаж ирдэг уламжлал тогтов.

Улсын ерөнхий прокурор энэ бүх­нийг хэлтгийлнэ гэсэн таамаг өчиг­дөр бий болов. Учир нь тэрээр мэ­дээ­­лэл хийхээр болсон юм. АТГ-ын дар­га Ч.Сангарагчаагийн хэрэгт хол­боотойгоор ерөнхий прокурор дахин хэвлэлийнхэнд ханджээ. Энэ үеэр зарим асуултад түүнээс хариулт авлаа.

-УИХ-ын Хууль зүйн байнгын хо­рооны гишүүдийн 16 нь МАХН-ын хүмүүс. Мэдээж тэд өөрийн хүнийг хамгаалах үүднээс түдгэлзүүлэлгүй шалгах шийдвэр гаргасан байх. Та үүнийг юу гэж үзэж байна?

-Авлигын эсрэг хуулийн 22-т энэ газрын

удирдлагууд гэмт хэрэгт хол­богдсон бол Улсын ерөнхий прокурор албан тушаалаас нь түдгэлзүүлэх са­­на­лыг УИХ-д тавина. УИХ сана­лыг 14 хоногийн дотор хэлэлцэж шийд­­вэрлэнэ гээд заачихсан. Гэтэл түд­­гэлзүүлэх хэрэггүй гэж үзлээ. Мөр­дөн байцаах ажиллагаанд саад болохгүй гэж байна. Тиймээс шал­га гэсэн шийдвэр гаргасан. Ч.Сан­гарагчаа өөрөө сайн дураараа “На­майг шалгаад өгөөч” гэсэн. УИХ тэр хүнийг түдгэлзүүлээгүй байхад сайн дураар нь асуудлыг шийдчихдэг юм биш. Эсвэл хэн нэгэн даргын түдгэлзүүлэхгүй  шалгаж болно гэж шийддэг асуудал биш. Яагаад вэ гэвэл тэр хүний бүрэн эрхийг хуулиар баталгаажуулчихсан. Тэрийг УИХ-аар хэлэлцүүлээгүй, түдгэлзүүлээгүй байхад шалгах болохгүй. АТГ-ын дарга, удирдлага хуулийн дагуу намаас түдгэлзэж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Тиймээс ямар нэгэн улс төржсөн хандлага байх ёсгүй гэдгийг  хэлэхийг хүсч байна. Өнөөдөр дарга нь ч бай, УИХ-ын гишүүн нь ч бай, иргэн ч гэлээ Монгол Улсын хуулийн өмнө тэгш эрхтэй. Адилхан л шалгагдах ёстой. АТГ газрын удирдлагууд дарга нарын хэргийг шалгадаг гэдгээрээ түрий барьж Үндсэн хуулиар эрх мэдэл нь тогтоогдсон прокурор, мөрдөн байцаах гэх мэтийн шүүх эрх мэдлийн байгууллагын толгой дээгүүр харайх эрхгүй. Тийм эрх мэдлийг ч тэдэнд өгөөгүй. Хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгааг бид буруу шааж байгаа. Энэ үйлдлийг таслан зогсоох ёстой.

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ асуудлыг хэлэлцэж бай­хад УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хэр­гийг сөхсөн. Ч.Сангарагчаа ч түүний хэргийг хаа гэж прокуророос дарамт, шахалт үзүүлж байгаа гэсэн?

-Хэргийг АТГ хэрэгсэхгүй болгодог субьект нь биш. Прокурор хянаад хэрэгсэхгүй болгодог. Тэднээс гуйх, дарамтлах шаардлага ч байхгүй. Про­курорын зүгээс Л.Гүндалайн хэргийг хэрэгсэхгүй болгох асуудал хэзээ ч тавьж байгаагүй. Л.Гүндалайд эрүү­­гийн гурван хэрэг үүсгэсэн бай­­даг. Нэг нь түдгэлзэж, хоёр нь АТГ-т  шалгагдаад явж байгаа. Би про­куроруудаасаа асуусан. Хэн ч түү­ний хэргийг хэрэгсэхгүй болгох талаар асуудал тавиагүй гэсэн. Харин Л.Гүндалай өөрөө хэргээ хэрэгсэхгүй болгож өгөх асуудал тавьсны дагуу АТГ-т шилжүүлсэн. Энэ бүх үйл­дэл бол анхаарлыг өөр тийшээ хан­дуулж, улс төржүүлэх, хоёр намыг сөр­гөлдүүлэх гэсэн, цаг хожих гэсэн болчимгүй алхамыг АТГ-ын нөхдүүд хийж байгаа.

-УИХ энэ асуудлыг хэлэлцэхдээ процедурын алдаа гаргасан уу?

-УИХ прокурорын саналыг хэлэл­цээд зөвшөөрсөн, эсвэл зөвшөөрөөгүй гэсэн шийдвэрийг л гаргаж өгөх ёстой.

-Асуудлыг шийдэлгүй УИХ зав­­сар­лачихлаа. Энэ нь хэргийн мөр­дөлтөнд нөлөөлж байна уу?

-Хэрэгт холбогдсон хүмүүст ашиг­тай. Цаг хугацаа хожиж байна. Буди­луулж байна. Компьютерийг нь шалгахад “hard disk”-ийг нь цэ­вэр­лээд, мэдээллийг утсгачихсан бай­сан. Хэргийг бүдгэрүүлж, нотлох барим­тыг устгах үйл ажиллагаа явуулж байна.

-АТГ-аас УИХ-ын 22 гишүүний өрөөнд чагнах төхөөрөмж тавь­сан гэсэн. Тиймээс тэдгээр ги­шүү­дийг барьцаалж асуудлыг шийд­вэрлүүлэхгүй байна гээд байгаа. Энэ үнэн үү?

-АТГ-ын удирдлагууд Улсын төс­­вийн хөрөнгийг онц ихээр үрэг­дүүлсэн бол ял шийтгэгдэх ёстой. Гүй­цэтгэх ажлыг хууль бусаар явуул­бал ял шийтгэгдэх ёстой. Энэ хоёр эрүүгийн хэргээр л шалгалт хийж байна. Бусад нарийн асуудлыг энд хэлэх боломжгүй. Мөрдөн шалгах явцад олон хууль бус үйлдэл илэрч байгаа. Цаашид нягтална гэв.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гаргасан тайлбарт “Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтнуудын бүрэн эрхийг шууд түдгэлзүүлэх нь Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг сул­руулах сөрөг талтай” гэж гишүүд үзсэн юм. Асуудлын гогцоо нь АТГ-ын удирдлагууд энэ байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан, уна­гаасан байж болзошгүй тухай сөхөж байхад ийм шийдвэр гаргасан нь хачирхалтай. Нэгэнтээ асуудал үүс­чихээд байхад “Ардын элч” кинонд гардаг шиг  “Магадлая” гэх нь үнэн­дээ өөх ч биш булчирхай ч бус шийд­вэр юм. Нөгөөтэйгүүр ерөнхий про­курор хүргүүлж буй саналынхаа талаар мэдээлэл хийсэн нь анхаарал татаж байна. Үнэхээр тэрээр ажлаа нээлттэй байлгах үүднээс ийн аяглав уу гэвэл эргэлзээтэй. Зарим асуултыг “Сэтгүүлчид мэдэж байгаа биз дээ” гэх зэргээр мушгисан. Магадгүй түүнд АТГ-ын даргыг түдгэлзүүлэх даал­гавар байна уу гэх харыг ч тө­рүүлж байна. Ерөнхийлөгчийн ойрын хүний хувьд түүнийг ингэж хардах шууд үндэстэй. Ерөнхийлөгч “Авлигатай тэмцэх газар муу ажиллаж байна” гэж хэлсээр ирсэн нь  ч үүнийг гэрчилнэ. Хэдийгээр тийм байж болох талтай ч нөгөөтэйгүүр бас АТГ-ыг хардах сэжүүр гарсан бололтой юм.

Өөрийнх нь хууль бус үйлдлийг анх прокурорт мэдээлсэн доод албан тушаалтнаа Ч.Сангарагчаа тагнуулж, чагнуулсан тухай мэдээлэл бий. Хэдий­гээр Э.Амарбат энэ талаар гомдол гаргаагүй байгаа ч энэ нь “УИХ-ын гишүүдийн өрөөг чагнасан” гэх Ч.Сангарагчаагийн үйлдлийг батлах мэт. Ер нь сүүлийн үед АТГ хэтэрхий туйлширсан өнгө аястай ажиллаж, улс төржсөн байдлаар асуудалд хандан, захиалгаар гэмээр хэрэг үүсгэх болсон мэт анзаарагддаг. Зарим өндөр албан тушаалтны хэргүүд дуулдаж амжилгүй сарнидаг бол зарим нь хэрэгсэхгүй болсон ч дараагийн жил дахиад сэргээх нь олонтаа. АТГ-ын дарга, Ерөнхий прокурорын аль алиных нь ард улстөрчдийн дэмжлэг бий нь нууц биш. Тиймээс энэ хэрэг нэг мөр шийдэгдэлгүй өнөөг хүртэл удааширсаар байна. Хоморгонд нь Л.Гүндалай мэтийн нөхдүүд барь­цаа­лагдаж, асуудал таагүйгээр эргэвэл хэлмэгдэж ч болзошгүй нь. Энэ мэтээр хууль, хяналтынхнын хэргийн явц үргэлжилж байна. Бидэнд асуудлыг хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.

Л.НАРАНТӨГС 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж