Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох хэргийг мөрдөн шалгах боломжийг хаан боогдуулж байна. Тиймээс Ч.Сангарагчааг ажлаас нь түдгэлзүүлж өгөхийг шаардсан албан бичгийг өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлэхээр болсон” гэдгийг хэвлэлийн бага хурал хийх үеэр мэдэгдлээ. Түүний хэлснээр АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох хэргийг шалгаж буй ТЕГ-ын мөрдөн шалгах албаныханд шаардлагатай баримтыг АТГ-ынхан гаргаж өгөхгүй байгаа аж. Улсын ерөнхий прокурор өмнө нь хоёр ч удаа хуулийн дагуу УИХ-д Ч.Сангарагчаад холбогдох хэргийг шалгахын тулд албан тушаалаас нь түдгэлзүүлж өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлсэн юм. Харин энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороон хэлэлцээд түдгэлзүүлэлгүй шалгаж боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан билээ. Эл шийдвэрийг Д.Дорлигжав эрс буруу шааж байна. Тэрээр “Энд ямар нэгэн тохиролцоо байхгүй. Монгол Улсын хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Хуульд АТГ-ын даргатай холбоотой хэргийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгана гэж заасан. Тиймээс бид хуульд заасны дагуу албан тушаалаас нь түдгэлзүүлж л шалгана” гэв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд явуулж буй бичигт нөхцөл байдлыг харгалзан үзэж ойрын хугацаанд асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсан аж.