“Baidu” улирлын дотор ашгаа хоёр дахин нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

“Baidu” улирлын дотор ашгаа хоёр дахин нэмэгдүүлжээ

“Google” Хятадын зах зээл дээр ажиллах гэж тэмцэж, янз бүрээр оролдож байхад Хятадын дотоодын компани, хайлтын гигант “Baidu” шинэ өндөрлөгт дүүлэн гарч байна. Энэ оны хоёрдугаар улиралд тус компани нэгдүгээр улирлаасаа хоёр дахин илүү орлоготой ажилласан байна гэж өчигдөр мэдэгдлээ. “Baidu” энэ оны хоёрдугаар улиралд 837.4 сая юанийн (123.6 сая ам.доллар) цэвэр орлого олсон нь жилийн өмнөх үеийнхээс 119 хувиар илүү байна. Борлуулалт нь 74 хувиар өсөж 1.9 тэрбум юань (282.3 сая ам.доллар) болсон байна.

Хөрөнгө оруулагчидад сануулахад: “Baidu”-гийн зах зээлийн үнэлгээ 25.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь “Yahoo” –гээс илүү байгаа бөгөөд “eBay”-тэй ойролцоо гэж тооцогдож байна. Энэ оны нэгдүгээр сараас хойш тус компанийн орлого хоёр дахин нэмэгдээд байгаа тул тавдугаар сард “Baidu” хувьцаагаа 10-1-ийн харьцаагаар задалж байгаагаа зарласан. Өрсөлдөгч “Google” компани нь Хятадад үйл ажиллагаа явуулахаа больж магадгүй талаар энэ оны нэгдүгээр сард зарласан бөгөөд түүнээс хойш серверүүдээ Хонг Конгод аваачаад тэндээс үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ нь “Baidu” компани Хятадын интернетийн хайлтын зах зээл дээр хүчтэй өсөхөд нөлөөлсөн байна. Өнгөрсөн жилийн сүүлийн байдлаар “Google” компани Хятадын интернет хайлтын зах зээлийн 36 хувийг эзэлдэг бол “Baidu” 58 хувийг эзэлж байсан. Харин энэ жил “Baidu” зах зээлийн зургаан хувийг нэмж эзэлсэн байна. Энэ сарын эхээр Хятадын засгийн газар “Google”-ийн Хятадад интернетийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг дахин шинэчилсэн. “Google” компани энэ сарын эхээр хоёрдугаар улирлын ашгийн тайлангаа танилцуулсан бөгөөд дүн нь “Wall Street”-ийн эдийн засагчдийн таамаглалаас доогуур байсан юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж