Германы гран-пригийн өмнөх үзүүлэлт болоод түүх

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Германы гран-пригийн өмнөх үзүүлэлт болоод түүх

Ням гарагт “Формула нэг”-ийн ДАШТ-ий ээлжит гран-при ХБНГУ-ын Хокенхаймд зохиогдох гэж байна. Түүнээс өмнө тоо баримтаас дурдъя.
Австрали нисгэгч Марк Уэббэр ялалтынхаа тоогоор тэргүүлж байгаа бөгөөд түүний гурвн түрүүний араас Женсон Баттон, Льюис Хэмилтон, Себастьян Веттель нар хоёр түрүү авснаар бичигдэж байна. Харин анхны гран-пригаас хойш төдийлөн тодорч харагдаагүй Алонсо үлдсэн нэг ялалтыг аваад байгаа юм.
Багийн хувьд “Феррари” нийт 211, “МакЛарен” 168, “Уильямс” 113 удаа түүхэндээ гран-пригийн ялалтыг өөрийнх болгож байсан бол тэдний ард “Рэд Булл” 11.
Хамгийн олон удаа түрүүлж биш шагналын тавцанд гарсан нисгэгчдийн жагсаалтыг Льюс Хэмилтон манлайлж байна. Тэрбээр Европ болон Шанхай, Их Британийн гран-прид дэд байр эзэлж, Бахрайнд гуравдугаарт орж байснаар одоо нийлбэр 145 оноотой тэмцээнийг тэргүүлж байна.
Байрлал тогтоох гарааны хувьд энэ улиралд ердөө Уэббэр, Хэмилтон, Веттель гэсэн гурван нисгэгч л ээлж дараалан тэргүүн эгнээнээс гран-приг эхлүүлэх эрхтэй болж байсан. Гэвч одоогоор болж өнгөрсөн 10 уралдааны зургаад нь байрлал тогтоох гараанд түрүүлээгүй нисгэгч ялалт байгуулаад байгаа юм.
Веттель Силверстоүнд өөрийн карьерт 10 дахь байрлал тогтоох гарааныхаа түрүүг авсан бол “Феррари” 2008 оноос хойш тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлж үзээгүй явна.
Харин “Рэд Булл” сүүлийн 10 гран-пригийн есөд байрлал тогтоох гарааг авчээ. Тав нь Веттелийнх.
Хамгийн сүүлийн уралдаанд “Феррари” ямар нэгэн оноо авч чадаагүй нь 2009 оны Абу Дабигаас хойшхи анхны тохиолдол нь болжээ.
Германд зохиогддог уралдаанд хамгийн сүүлд нутгийн нисгэгч түрүүлж байсан нь 2006 онд Михаэль Шумахер. Түүнээс хойш төрийнхөө дууллыг нутагтаа эгшиглүүлсэн нисгэгч гарч ирээгүй байгаа.  Харин Шумид “Мерседес” хөлөглөж Хокенхаймд түрүүлэх боломж багахан боловч бий.
Зургаан Герман нисгэгч ням гарагт уралдааны зам дээр гарах ч ялалт байгуулах магадлал өндөр нь Веттель, дараа нь Шумахер. Бусдын хувьд түрүү байрын тухай ярихад арай илүүц.
Хокенхаймд болсон сүүлчийн таван уралдаанд түрүүлсэн байдлыг танилцуулъя.
2008 – Льюис Хэмилтон
2006 – Михаэль Шумахер
2005 – Фернандо Алонсо
2004 – Михаэль Шумахер
2003 – Хуан Пабло Монтойо
(2009 онд Марк Уэббэр Германы гран-прид түрүүлсэн ч өөр газар зохиогдож байсан бол 2007 онд гран-при цуцлагдаж байсан)
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж