
Монакогийн Фонвьей хотноо өнөөдөр IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Diamond League цувралын 10 дахь уулзалт тэмцээн болох юм. Харин тус тэмцээнд АНУ-ын хөнгөн атлетикч Дэвид Оливер 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд дахин дайралт хийж, дэлхийн дээд амжилтын төлөө тулалдана гэдгээ мэдэгдлээ. Өдгөө 28 настай тэрбээр өнгөрсөн долоо хоногт Парист болсон цуврал тэмцээнд дэлхийн дээд амжилтын эзэн Дайрон Роблесийн 12,87 секундын амжилтад ердөө 0,02 секунд дутсан юм.
Парист гаргасан түүний амжилт АНУ-ын дээд амжилт байснаас гадна 2010 он гарснаас хойшхи дэлхийн шилдэг, харин бүх цаг үеийн гуравт эрэмбэлэгдэх амжилт ажээ.
С.Цэлмэг