Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 22

Долдугаар сарын 22-ны баяр

Вангийн төрсөн өдөр

Африкийн Свазилендын вант улс эцэг вангийнхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Сая хүрэхгүй хүн амтай энэ орон Өмнөд Африк, Мозамбикийн дунд оршино. Төрийн эрхийг нь ван эхийнхээ хамт барьдаг хоёр хаанчлалтай. ХДХВ/ДОХ-ын халдвараар хүн амын бараг тал хувь нь өвчилсөн байгаа ядуу орон. Ван нь "нгвеньяма" цолтой, Ngwenyama – орчуулбал  "арслан”. Хатан хаан эх нь "индловукази" цолтой, Indlovukazi – гэдэг үг нь "эмэгчин заан" гэж орчуулагдана.

Өдрийн ишлэл

"Эх газар (terra firma) гэсэн дүгнэлтэд бид хүрээд байна".
 (Шинэ ертөнцөөр аялаад буцаж ирсэн Америго Веспуччийн 1502 оны энэ өдөр бичсэн захидлаас)
Веспуччи Шинэ ертөнцөд аялахаар Колумбийн хойноос явахдаа  энэ газар нутаг Азийн зүүн хэсэг гэдэгт итгэлтэй байжээ. Харин буцан ирснийхээ дараа нэрлэгдээгүй тэр тивийг өөр гэдэгт нь итгэлтэй болсон байв. Шинэ тив Америгогийн нэрээр Америк гэж нэрлэгдэх болжээ.
Америго Веспуччи амьд байсан үеийн шинэ тивийн зураг

Үйл явдал

Дэлхийн анхны машины уралдаан болжээ

1894 ОН: Өнөөгөөс 116 жилийн өмнө өглөөний найман цагт Парис хотны дэлхийд анхных болох автомашины уралдаан эхлэв.
Парис – Руан хооронд болсон уралдаанд ялагч "Де Дион Бутон" уурын автомашин
«La Petite Journal» сонины редактор Пьер Жиффа уг уралдааныг санаачилсан байна. Тэмцээнд оролцогсод заагдсан замыг 12 цагийн дотор туулах ёстой байлаа. Янз бүрийн хэлбэр загварын машинууд оролцсон уралдаанд дотоод шаталтын хөдөлгүүртэй 39 машин, уурын хөдөлгүүртэй 28 машинууд ирсэн байлаа. Мөн таван цахилгаан машин байснаас гадна бусад 25 төхөөрөмж тусгай ангилалд багтсан байна. Шалгаруулалт хийсний дараа 28 машиныг  уралдаанд оролцуулахаар болжээ. Уралдааны зам нь Парисаас Руан хүртэл нийтдээ 128 км-ын урт байв. Зөвхөн 17 машин барианд ирсэн ба Цагт 22 км-ын хурдыг маркиз Альбер Де Дионы уурын машин харуулсан байна. Гэсэн нь илүү ирээдүйтэй гэж үзэн тэргүүн шагналыг нь Peugeot ба Panhard-Levassor маркийн машинуудад хуваан олгожээ.

Италид “РОМА” клуб байгуулагдав

1927 ОН: Италийн дээд лигийн хамгийн алдартай хөлбөмбөгийн клуб “Рома” нийслэлийн клуб юм. Клубын үндсэн өнгө нь шар ба улаан. Сүлдэнд нь чонотой. Тоглогчдыг чонууд гэх ба бас Жаллоросси гэж дууддаг. Жалло росси гэдэг нь шар улаан гэсэн үг юм. Рома клубын цэнгэлдэх хүрээлэнг 1937 онд бариулсан ба Стадио Олимпико гэж нэрлэдэг. Багтаамж нь 72700 үзэгчдийн суудалтай.
Италийн гурван удаагийн аварга, 10 удаагийн дэд аварга, Италийн цомын есөн удаагийн эзэн, улсынхаа супер цомыг хоёр удаа авч байлаа.

ОУВС байгуулагджээ

1944 ОН: Бренттонвудын бага хурал дээр Олон улсын валютын санг байгуулжээ. Сангийн гол зорилго нь мөнгө зээлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих, валютын салбарын журам, хэм хэмжээг зохицуулан валютын ханшны тогтвортой байдлыг хангах асуудал юм. ОУВС өөрийн гишүүн орнуудад “Зээлийн тусгай эрхээр” олон улсын санхүүгийн нөөц байгуулах эрхийг олгодог. Сангийн санхүүгийн нөөц нь 184 гишүүн орнуудынхаа квотын баталгаагаар бүрэлдэх ба одоо тэнд 212,7 тэрбум орчим ам.доллар бий. “Зээлийн тусгай эрхийн” нөөцөд нь 293 тэрбум байгаа. Сангийн удирдах байгууллага нь гишүүн орнуудын төлөөлөлтэй Гүйцэтгэгчдийн зөвлөл юм. Тэр жил бүр цугларан ажлаа ярьдаг. Өдөр тутмын ажлыг нь 24 гишүүнтэй Гүйцэтгэх зөвлөл явуулдаг. ОУВС-д 140 орны 2650 хүн ажилладаг гэнэ.  Захирлыг нь Гүйцэтгэх зөвлөл сонгодог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж