“Хүн шиг” сонгуульдаж сурсны ойд

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

“Хүн шиг” сонгуульдаж сурсны ойд

“Хүн шиг” сонгуульдаж сурсны ойд
Өнөөдрөөс яг 20 жилийн өмнө Мон­голд улс төрийн олон нам оролцсон анхны ардчилсан сонгууль болжээ. Монголчууд 1990 оны долдугаар сарын 22-нд  анх удаа үзэг бал барин саналын хуудсыг гараараа бөглөж, өөрийн дэмжсэн нам, итгэсэн хүндээ саналаа өгсөн байна. Тэгэхэд Ардын Их Хурал /АИХ/-ын 430 тойрогт МАХН, МоАН, МVДН, МСДН, МНН, МЧХН гэсэн улс төрийн зургаан нам депутатуудаа өрсөлдүүлж байв. Анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулсан АИХ-аас мөн л анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг дээрх намуудын сонгуульд авсан саналд тулгуурлан пропорциональ тогтолцоогоор байгуулсан юм. Тухайн цагт АИХ-ыг парламентын дээд танхим, УБХ-ыг доод танхим хэмээн үзэж хуулийг хоёр танхим дамжуулан хэлэлцэж баталдаг байв. Чухам энэ хоёр танхимт парламентаас 1992 оны Үндсэн хууль тэргүүтэй анхны ардчилсан хуулиуд гарсан байдаг. Өнөөдөр тэмдэглэж буй анхны ардчилсан сонгуулийн 20 жилийн ойг “хүн шиг” сонгуульдаж сурсны эхлэл гэж хэлж болох талтай.
Түүнээс өмнөх социализмын жилүүдэд яаж санал өгдөг байсныг 1972 оноос хойш төрсөн монголчууд биечлэн үзээгүй. Яагаад гэвэл тэд 1990 онд 18 насандаа ардчилсан сонгуульд анхны саналаа өгсөн болохоор тэр. Яахав, багадаа нэр дэвшигч гээд нэг хүний зураг гэрийнх нь хананд наалттай, унинд хавчуулаастай байсныг санадаг байх. Тэгэхээр өнөөгийн 38 настнуудаас өмнөх үеийнхэн л сонгуульд санал өгнө гэдэг бол голоор нь нугалсан цаасыг хайрцганд хийхийг хэлнэ гэсэн ойлголттой явсныг санаж байж таарах нь.
Хорин жилийн өмнөх тэр цагт сонгууль гэж юу болдог байсныг залууст сонирхуулахад, сар хага­сын өмнөөс ч бил үү, нэг хүний сурталчилгаа эхэлдэг байв. Нэр дэвшигч эрхмийг танихгүй, тээр дээрээс томилдог байсан болохоор айл болгонд зураг, намтар түүхийг нь тараана. АИХ-ын депутат болгох гээд Баян-Өлгийн баатар малчныг хаа байсан Хөвсгөлд нэр дэвшүүлж ч мэднэ. Тэр бол хамаагүй. Танилгүй юм чинь санал авахгүй байх гэж айлтгүй. Нэгэнт МАХН дээрээс томилсон болохоор нэр дэвшсэн тэр газраасаа “ялалт” байгуулаад гараад л ирнэ. Сайндаа тэр нөхөр нэг хоёр удаа ухуулга гэгч юм хийхээр ирнэ. Баахан нам, засгийн бодлого, мундаг мундаг юм ярьж байгаад яваад өгнө. Бас дураараа ярихгүй ээ, дээрээс бэлтгэж өгсөн материалыг цугларсан хүмүүст уншиж өгнө. Тэгээд л тэр хүний тухай сонгогчдын ойлголт дуусна даа. Өөр илүүг мэдээд ч яах юм. Их мундаг болоод л дээрээс томилогдоо биз гэсэн ойлголттой.
Тухайн цагийн АИХ-ын бүх депутат 99,99 хувийн саналаар сонгогддог байлаа. Аргагүй шүү дээ. Гоёж гоёж аваад саналаа өгөх гээд очиход өөдөөс нэг хүн цаас сарвайна. Тэнд мэдээжээр нөгөө зургийг нь бүтэн хагас сар харж, намтрыг нь цээжилсэн танихгүй хүний нэр байгаа. Эчнээ танилын нэртэй цаасыг дундуур нь нэг нугалаад л саналын хайрцагт хийснээр сонгогчийн үүрэг дуусна. Сонгуулийн өдөр бас бэсрэг наадам болж цөөн бөх барилдана аа.  Хөдөөд бол тарган морио унаж, торгон дээлээ өмсөөд сонгуульдахаар гарч өгнө. Хотын бүсгүйчүүд хамгийн дэгжин даашинзаараа гоёод л. Маргааш нь “Нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшсэн нөхөр тэр нь 99,99 хувийн саналаар АИХ-д депутатаар сонгодсон байна. Ура, нөхөд өө” ч билүү тийм утгатай зүйлийг радио, телевизээр уншиж, сонин хэвлэлд гарна. Ингээд л сонгуулийн дүн эцэс­лэж АИХ чуулна.
Нөгөө өндөр хувиар сонгогдож депутат болсон эрхмүүд жилдээ хоёр удаа чуулж улсын төсөв баталж, үндсэн чиглэл гаргадаг байсан байх. Одоогийн УИХ-ын гишүүд шиг хэрэлдэж уралдах биш, ердөө л дээрээс хуваарилсан төсвийг нэг нь  индрээс уншиж, бусад нь гар өргөх үүрэгтэй. Тэгээд л улсын төсөв, үндсэн чиглэл 100 хувийн саналаар батлагдаж хэрэгжиж эхэлнэ дээ.
Өнгөрсөн зун Хөвсгөл аймгийн ууган тариаланч Л.Цэдэвдамба гуайтай хөөрөлдөж суухад нэг сонин дурсамж ярьсан юм. Тэрбээр амьдралдаа хоёр удаа Үндсэн хууль батлах ажилд оролцож л дээ. Анх 1960 оны Үндсэн хуулийг батлах үед АИХ-ын депутат, одоогоор бол парламентын гишүүн явжээ. Түүнд гар өргөх үүрэгтэй л оролцож. Харин 1992 оны Үндсэн хуулийг батлахад өндөр насны тэтгэвэрт сууж байсан хэрнээ жинхэнэ санаа оноогоо нэмэрлэж  оролцсоноо хуучилсан юм.
“Намайг депутат болж байхад өрсөлдөөн байгаагүй. Миний нэрийг дээрээс дэвшүүлээд л сонгочихсон. 1960 оны Үндсэн хуулийг батлахад депутат бидэнд мэдэх юм гэж байсангүй. Нэг жижиг номыг унш гэж өгсөн. Тэр нь одоогоор бол хуулийн төсөл юм байж л дээ. Тэр жил Үндсэн хууль, Хөдөлмөрийн хууль, Эрүүгийн хууль гэж гурван том хууль баталсан юм. Одоотой адил хэлэлцэх маргах юм байсангүй. Нэг хүн Үндсэн хуулийн товчлолыг уншина. Бусад депутат гараа өргөөд л түүнийг нь 100 хувийн саналаар баталчихна. Харин шинэ Үндсэн хуулийг батлахад би тэтгэвэрт гарчихсан байсан. Үндсэн хуулийн төслөөр нийт ард түмний санал асуулга явуулахад маш зөв, сайхан санагдаж байлаа. Депутат байхдаа санал хэлэх эрхгүй гараа өргөх үед нь өргөөд зүүрмэглээд сууж байсан хүн чинь тэтгэвэрт гарсан хойноо Үндсэн хууль батлахад саналаа нэмэрлэнэ гэдэг сонин сайхан байсан шүү” гэж ахмад тариаланч ярьж байсан. Үнэхээр 20 жилийн өмнө ганцхан МАХН-аас АИХ-ын депутатыг тийм маягаар сонгож, хуулиудаа нэг тиймэрхүүгээр баталж 70 шахам жил явжээ.
Харин 20 жилийн өмнө зургаан нам өрсөлдөж, сонгогчид анх удаа дэмжсэн нам, хүнээ сонгох эрхтэй болсон юм. Зарим сонгогч учрыг нь ололгүй, энд тэнд нь зурвал хэрэг төвөгт орно гэж айгаад сурсан зангаараа хуудсаа харах ч үгүй нугалаад хайрцагт нь хийчихэж байсан юм гэнэ лээ. Тэгэхээр өөрийн дэмжсэн нам, хүн хоёрт саналаа өгнө гэдэг чинь жинхнээсээ “хүн шиг” сонгуульдаж үзсэн гэсэн хэрэг мөн биз дээ. Түүнээс өмнө саналаа өгсөн сонгогч ч, депутат болсон нөхөр ч зүгээр л МАХН-аас программчилсан робот байснаас ялгаагүй.
Тэрнээс хойш 20 жил өнгөрч, ардчилсан сонгуулийг зургаан удаа өгөөд байна. Харамсалтай нь сүүлийн үед намуудын сонгуулийн луйвар хэтэрсэн. “Хүн шиг” сонгуульддаг болсон иргэдийн эрх чөлөөг энэ л  гутаагаад байна. Пропорциональдаж нэг, 76 тойрогтой жижиг мажоритараар гурав, 56 тойрогтой томсгосон мажоритараар хоёр сонгуульджээ, энэ завсар. УИХ-ын гишүүд  ирэх намрын чуулганаар сонгуулийн тогтолцоогоо солих гээд сууж байна. Пропорциональ, мажоритарыг хос­луу­лаад үзье гэж эхний ээлжинд гишүүд үндсэндээ санал нэгджээ. Ямар системээр сонгууль хийх нь тэдний хэрэг. Улс төрийн намууд л иргэдийнхээ 20 жилийн өмнө олж авсан сонгуулийн эрх чөлөөг дахиад битгий гутаагаасай.
Д.ОЮУНЦЭЦЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж