-Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Улаанбаатар хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээг энэ ондоо өөрчлөхөөр болсон нь олны анхаарал татаж байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-1949 оны гэрээ хэлэлцээрээр байгуулсан Орос-Монголын хамтарсан төмөр зам өнөөдөр зах зээлийн нөхцөлд нэг л дасан зохицож өгөхгүй байгаа. Тиймээс Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааг сайжруулъя, тал талаасаа анхаарал хандуулж хүчин чармайлт гаргая гэдэг тохиролцоонд хүрлээ. Хөрөнгө мөнгө ч гаргахаар болсон. Төмөр замын гэрээг шинэчлэх, өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн. Ажлын хэсгүүдийг шахуу хурдан ажиллаж энэ онд багтаан асуудлыг шийдвэрлэ гэсэн үүргийг өглөө. Үүний зэрэгцээ ашигт малтмалын салбар түүний дундаас ураны чиглэлд хамтарч ажиллах талаар Ерөнхийлөгч нар ярилцсан. “Дорнод Уран” компани байгуулах ажил эхлээд байна.
-Шинэчлэлт манай талд ашигтай байх боломж хэр байна?
-Хэний талд ашигтай вэ гэхээсээ илүү энэ аж ахуйн нэгж өөрөө үр ашигтай ажилладаг баймаар байна. Одоо бол алдагдалд орчихсон байна.Тоног төхөөрөмж, толгой, вагон, зам, гээд бүх юм нь хуучирчихсан. Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хүлээж, байгаа. Иймд үүнийг үр ашигтай ажиллуулах тал дээр л тал талаасаа анхааръя гэсэн.
-ОХУ-ын Засгийн газар манай улсын төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг сонирхож байна уу?
-Монгол Улс Оросынхтой адилхан өргөн царигийн төмөр замтай. Иймд Монгол Улсын төмөр замын цаашдын бодлогыг Орос улсын зүгээс анхаарсан байх л даа. Бид бол бодлогыг тодорхойлохдоо Монгол Улсын төмөр замын сүлжээ нь ашигт малтмалаа дагаж байрлахаар тооцож байгаа. Үүнийгээ ч Оросын талын төлөөлөгчдөд хэлсэн.
-“Улаанбаатартөмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ ямар учиртай вэ?
-“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зах зээлийн нөхцөлд олигтой ажиллаж чадахгүй байна. Иймд дүрмийн сангаа нэмж 125 сая ам.долларыг тус тус оруулахаар болсон.
-ОХУ-ын хил орчмын иргэд визгүй зорчих, визний хөнгөлөлт эдлэх боломж байна уу?
-Визгүй зорчих асуудлыг яриад эхэлчихсэн. Гагцхүү хэзээ шийдэх вэ гэдэг л байна. Ер нь бол аль аль талдаа их төвөг чирэгдэл учруулдаг асуудал л даа.
-Өмнө нь ажиллаж байсан ч одоо ажиллахаа больсон хилийн боомтуудын асуудлыг хэрхэхээр болж байна вэ?
-Оросын зүгээс “Хилийн зарим боомтыг хаах хэрэгтэй. Хэрэгцээ шаардлага бага байна” гэх саналыг тавьдаг. Энэ асуудал дээр холбогдох газрууд нь ярилцаж байгаа.
-ОХУ-д суралцах оюутнууд ямар чиглэлийн мэргэжлээр суралцах вэ? Цөмийн энерги, ураны чиглэлээр суралцуулах боломж бий юу?
-Ер нь манайхан ОХУ-д бүх төрлийн мэргэжлээр сурдаг. Гэхдээ цөмийн энергийн эрчим хүчний салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэх саналыг тавиад өнгөрөгч жилээс эхлээд хүмүүсийг явуулж байгаа.
-Засгийн газар хоорондын дараагийн уулзалтыг хаана хийх вэ?
Жил жилд ээлжлэн хоёр улсад хийдэг. Дараагийн жилийг ОХУ-д, хил орчим хийх байх. Тээврийн сайд Ливитин бид хоёр ярилцаад дараагийн жил Улаан-Үүд хотод хийж болох талаар тохиролцсон.
Засгийн газрын комиссийн хурал дээр ч гэсэн манай Худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөлөгчдийн хэлж байгаагаар Оросын хил гаалийн систем хүндрэлтэй. Манайхны хэд гурван барааг оруулах гаргахад энэ нь харагддаг гэж байна. Мөн дараагийн уулзалтаар бүс нутгийнхаа асуудлуудад анхаарал тавьяа гэж үзсэн.
-Хоёр талын аж ахуй нэгжүүд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурахад хоёр орны худалдаа аж үйлдвэрийн танхимууд оролцсон нь ямар сайн талтай вэ?
-Монгол Улс нэг үеээ бодвол ганц Оросын ч биш гадны улс орнуудын анхаарал татдаг улс болоод байна. Яагаад гэвэл Оюутолгой гэж том орд байна. Мөн Тавантолгойг хөдөлгөх шийдвэр гарчихлаа. Их хэмжээний хөрөнгө оруулалт, их хэмжээний мөнгийг шингээх боломжтой болж байна. Үүнийг дагаад төмөр зам, авто зам, цахилгаан станц, ер нь Монгол Улсын түүхэнд байгаагүй том бүтээн байгуулалтууд эхэлж байна. Энэ агуулгаараа гадаадын улс орнууд Монгол орныг ихээхэн анхаарч байна.
Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Оросын талаас маш олон бизнесменүүд ирсэн. Тэдний зарим нь манай банк санхүүгийн секторт орж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.Энэ нь манай улсын хувьд ихээхэн баярлууштай зүйл.
Оросын худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг нь Монголын аж үйлдвэрийн танхимийн нэгэн адил Оросны компаниудыг багтаасан байгууллага. Эдгээр байгууллага хамтран ажилласнаар аж ахуй нэгжүүд нь өөр хоорондоо холбогдох боломжтой болж байна. Иймд бид энэ жилдээ Монгол, Оросын бизнес форумыг зохион явуулья гэж төлөвлөсөн. Өмнө нь нэг удаа хийж хоёр улсын бизнесменүүд оролцож байсан
-Тээврийн хөнгөлөлт үзүүлэх тал дээр ярилцсан уу?
Мөн л яригдаж байгаа. Засгийн газрын комиссын дэргэд дэд комисс, ажлын хэсгүүд ажилладаг. Өмнө нь Валидовостокт очиж ярилцахдаа тээврийн асуудал эрхэлсэн ажлын хэсгийнхэн санал тавьсан. Одоо Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан тээвэрлэлтийн асуудал гарч ирнэ. Оросын нутгаар тээвэрлэсэн тохтолдолд хөнгөлөлттэй нөхцөл өгөөч гэсэн саналыг бид тавьж байгаа. Гэвч одоогоор асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна.
-Манай улсын мах махан бүтээгдэхүүний экспорт хангалтгүй байгаа. ОХУ-тай энэ талаар ярилцаж буй зүйл бий юу. Газрын тосыг Оросоос экспортлоход ч гэсэн шийдвэрлэх асуудал байгаа шүү дээ?
-Ер нь ОХУ ч олигтой мах авч чаддаггүй. Манай улс ч гэсэн олигтой мах гаргадаггүй. Энэ нь мал эмнэлгийн эрүүл мэндийн байдалтай холбоотой. Манай улсад малын өвчин үе үе гарч байгаа нь махны экспорт өмнөхөөс ухрахад хүргээд байна.
Бид газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь Оросоос авдаг. Бид нар буцааж юм өгмөөр байна шүү дээ. Тэгж байж худалдааны баланс ойрхон болно. Манайхаас үндсэндээ бага хэмжээний мах, хивс, ноос л гаргаж байна. Оросоос Монгол руу орж ирж буй нийт бараа манайхаас Орост гаргаж буй барааанаас арав дахин их байна. Тиймээс Монголын бараа бүтээгдэхүүний татварыг багасгаач гэсэн саналыг олон удаа тавьсан. Үүний хариуд ОХУ “Аль нэг улсын хувьд харж үзэж болдоггүй” гэсэн тайлбарыг өгсөөр байгаа.
Б.Энхмандах
Төмөр зам ашигт малтмалаа дагадаг
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг удирдсан Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай уулзаж хуралдааны талаар ярилцлаа.
Холбоотой мэдээ