Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв
Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ,

Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол орны алс хязгаар нутгийн ард иргэдийн хөдөлмөрлөж бүтээх, сурч боловсрох, эрүүл энх, сайн сайхан аж төрөх эрхийг Төр засгаас онцгой анхаарч тэдний амьдрал ахуйг дээшлүүлэх олон талт үйл ажиллагааг байнга явуулсаар ирсэн бөгөөд тэдгээр нь үндэсний цөөнхийн талаарх төрийн бодлогын төвд байсан, цаашдаа ч байх болно.
Баян-Өлгий аймгийн казах, урианхай, дөрвөд, тува түмэн өөрсдийн соёл, ёс заншил, уламжлалаараа монголын ард түмний их түүх, соёл уламжлалын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж өвөрмөц өнгө төрхөөр баяжуулан чимж байдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөдөр манай улсын казах түмэн дэлхийн казахуудын дунд хэл, соёл, ёс заншлаа унаган төрхөөр нь хадгалан үлдсэнээрээ гайхуулж байгаа нь бидний бахархал мөн.
Өлгийчүүд аймгийнхаа түүхэн ойг угтаж төрөлх нутгаа хөгжүүлэх “70 бүтээлч ажил” хэрэгжүүлэн аймгийн төвийн өнгө төрхийг улам сайхан болгож, нийт иргэдийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлж байгаа нь Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг энэ ялдамд тэмдэглэе.
Байгаль дэлхийн хөрс, ус, ой, газрын баялгаа оновчтой эдэлж ашиглах, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам, салбар замуудын сүлжээ, олон улсын нисэх буудлын онгоц хөөрч буух талбай, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж, ажиллах хүчний нөөц бололцоог ашиглах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, амьдрах орчин нөхцлийг сайжруулах талаар олон ажил хийгдэж байна.

Миний бие өнгөрсөн өвөл Өлгийчүүдтэй хийсэн уулзалтанд хэлсэн үгэндээ болон Наурызын баяраар Та бүхэнд илгээсэн мэндчилгээндээ Баян-Өлгий аймгийн өмнө тулгамдаж буй асуудал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар санал бодлоо илэрхийлж, дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа хэлж байсан билээ. Өгөөж баян байгаль дэлхий, өсөж үрждэг мал сүрэг, орчин цагийн боловсрол соёл, үндэсний цөөнхид онцгойлон ханддаг Монгол төрийн бодлого, казах түмний ажилсаг хөдөлмөрч чанар, энэ бүхэн бол Баян-Өлгийчүүдийн хөгжлийн баталгаа юм. Өлгийчүүд та бүхэн эх нутагтаа элбэг хангалуун, эрх дураараа, энх тунх, эвсэг найртайгаар үеийн үед аж төрөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж