М.Зоригтын урилгаар Алтарганад ирэв

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

М.Зоригтын урилгаар Алтарганад ирэв

Буриад зоны өв соёл, уламжлал, дуу хуурын их наадам “Алтаргана-2010”-ыг зорин Дорнод аймгийн алслагдсан сумдын болоод Хэнтий аймгийн Дадал сумын 80 орчим иргэн Улаанбаатар хотноо ирээд байна.  
Хоёр жилд нэг удаа болдог тус наадамд ая дуугаа өргөх албан ёсны оролцогчдоос гадна “Алтаргана” наадмыг үзэж сонирхох, энэ үеэр ах дүүс, төрөл садантайгаа уулзан золгох гэсэн хүмүүс олон байдаг ч тэр бүрт боломж олддоггүй юм байна. Харин энэ удаад хөдөөгийн алс сумдад аж төрдөг тэднийг “Алтаргана-2010” наадамд оролцоход нь “Бодь” группийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан М.Зоригт туслалцаа үзүүлжээ.
Тэрбээр Дорнод аймгийн сум бүрийн төлөөлөл болох хүүхэд залуус, өндөр настнуудаас гадна “Алтаргана” наадмыг анхлан санаачлагч Хэнтий аймгийн Дадал сумынхныг хүндэтгэн урьсан байна.  Зочдынхоо нийслэлд ирэх буцах замын зардал, байр буудал, үзвэрийн гээд холбогдох зардлыг нь хариуцаж буй аж. Үүний өмнө ОХУ-ын Буриад улсын Эрхүү, Улаан-Үүд хотуудад тус тус болсон “Алтаргана” наадамд мөн Дорнод аймгийн иргэдийн төлөөллийг санхүүжүүлэн оролцуулж байсан юм. Энэ нь уламжлал болсон зүйл бөгөөд сүүлийн дөрвөн ч удаагийн “Алтаргана” наадамд дорнодчууд М.Зоригтын тусламж, дэмжлэгээр оролцож буй юм. Энэ нь хүүхэд залуус өв соёлоороо бахархах, өвгөд дээдсээсээ суралцах, “Алтаргана” наадмын цар хүрээ, нэр хүндийг өсгөхөд чухал дэмжлэг болдог гэж наадмын зохион байгуулагчид ярьж байна.
“Бодь” группийн ерөнхийлөгч М.Зоригт нь 2004-2008 онд Дорнод аймгаас ИЗН-ыг төлөөлөн УИХ-д сонгогдон ажиллаж, энэ хугацаанд болон өнөөг хүртэл Дорнод аймгийн иргэд сонгогчидтой олон салбарт  хамтран ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж