
Өнгөрсөн жил ган болсонтой холбоотойгоор Африкийн дөрвөн улсад хүнсний хямрал нүүрлэж байгаа тул эдийн засгийн яаралтай тусламж үзүүлэхийг НҮБ уриалаад байна. Ойрын хугацаанд Сахелын бүс нутаг дахь Нигер, Чад, Мали, Мавритани гэсэн улсад байдал хүнд болох төлөвтэй байна гэж албаны хүмүүс ярьж байна. “Хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдаж, хяналтаас гарч байгаа тул тус муж дахь олон улсад нөлөөлж магадгүй байна. Хямралын хамгийн хурц цэг нь Нигер бөгөөд тус улсын хүн амын бараг 50 хувь нь болох долоон сая хүн хүнсний хомсдолд ороод байна” гэж НҮБ-ын дэд нарийн бичгийн дарга Жон Холмес ярьлаа. Сахелийн цөлийн бүсэд амьдарч байгаа арван сая гаруй хүний нөхцөл байдал аравдугаар сард ургац хураах хүртэл сайжрах төлөвгүй байгаа гэнэ. Чад улсад олон мянган хүүхэд хүнсний дутагдалтай байгаа ба хүнсний ноцтой дутагдалд орсон хүүхдийн тоо 2009 онд 2900 байсан бол энэ жил 6,508 болоод байна. “Удахгүй борооны улирал эхлэх бөгөөд энэ үеэр суулгалт, хумхаа болон бусад амьсгалын замын өвчин их дэлгэрдэг тул хүнсний дутагдалд орсон хүүхдүүд энэ үеэр бүр ч эмзэг байдалд ордог” гэж ноён Холмес ярьсан. Дэлхийн Хүнс Хөтөлбөр эрүүл мэндийн 52 төв ажиллуулж байгаагаа ойрын үед 140 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Т.Бадрах