Чөтгөрүүдээс л ийм санаа гарна

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Чөтгөрүүдээс л ийм санаа гарна

Дөнгөж өчигдөрхөн л 17 жилийн хугацаатай гэрээг “Нью Жерси Дэвилс” баг зүүн жигүүрийн тоглогч Илья Ковальчуктай хийсэн талаарх мэдээлэл гол шуугианыг тарьж байсан бол Үндэсний хоккейн лиг тэдний гэрээг цуцалсан байна.

Гэрээнд яг ямар шалтгаанаар няцаалт хийж байгаагаа албаны хүмүүс байр сууриа илэрхийлээгүй ч ерөнхийдөө шударга бус гэрээ гэж үзэж байгаа гэсэн хардлага байна.
Учир нь 2027 онд Ковалчук 44 настай байх бөгөөд энэ хүртэл түүний гэрээ үргэлжилнэ. Сүүлийн таван жилдээ 550 мянган ам.доллараар цалинжих заалтыг оруулж өгсөн нь шударга бус гэрээ болгоход хүргэжээ.

Уг нь бол цалингийн цэс жил ирэх тусам нэмэгддэгтэй адил тоглогчийн цалин энэ хуулийг дагах ёсгүй ч бичигдээгүй хуулиар өсдөг.

Ер нь Ковальчук ч тэр, баг ч тэр сүүлийн таван жилд тоглохгүй гэдгийг мэдсээр байж ийм урт хугацааны гэрээг хийсэн юм. Мөсөн талбайд хаалгачид л голдуу 40 гарсан хойноо ганц нэг жил үлддэг бол довтлох чиглэлийн тоглогч 40-өөс дээш настай тоглох боломжгүй. Тийм учраас гэрээг өсөх биш буурах байдлаар хийсэн нь олны анхаарлыг татаж, улмаар буцаагдахад хүрчээ. Хэрэв гэрээний мөнгөн дүн нь өсөх байдлаар хийгдсэн бол 44 настайдаа Ковальчук зургаан сая ам.долларыг аваад явж байх боломжтой. Гэвч багт энэ бол ашиггүй.

Тэр үед залуу шинэ тоглогчийг өндөр үнээр авахад цалингийн зай тэдэнд хэрэгтэй.

2020 онд 3,5 саяыг авах Ковальчук дараа жил нь шууд 750 мянга болтлоо буурч, улмаар сүүлийн таван жилдээ 550 мянгаар хэтэвчээ зузаалах юм. Эндээс харахад 2020 оныг дуусгаад Ковальчукийг үндсэндээ зодог тайлна гэж тооцоолсон бололтой.

Жишээ авч татахад, 13 жилийн гэрээг “Капиталс”-тай хийсэн Александр Овечкиний гэрээ эхний зургаан жилдээ есөн сая, үлдсэн долоон жилдээ 10 сая ам.доллар авна. Гэрээ ийм байдлаар хийгдсээр ирсэн. Хийгдэх ч ёстой.
Гэвч “Чөтгөрүүд” адын санаа гаргаж, NHL-ийг хуурах гэж үзсэн нь бүтэлгүйтэж Ковальчуктай хийсэн 17 жилийн гэрээ нь цуцлагдлаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж