“Монголын төлөө зүрх бүхэнд” ном уншигчдын гарт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

“Монголын төлөө зүрх бүхэнд” ном уншигчдын гарт хүрлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Интерном” дэлгүүрт өнөөдөр Монголын эзэнт гүрний үеэс тархан суурьшсан монголчуудын өв уламжлал, монголчуудын дэлхийн түүхэнд үлдээсэн дурсгалуудыг харуулсан “Монголын төлөөх зүрх бүхэнд” нэртэй гэрэл зургийн номын нээлт боллоо. Тус номыг “TASAM” нэрээр олонд танигдсан “Тархан суурьшсан Монголчууд” төрийн бус байгууллага, соёлын өвийг дэмжигч “Хас” банктай хамтран уншигчдын гарт хүргээд байгаа аж. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Халимаг, Буриад, Алтай, Тува, Өвөрмонгол, Хазара, Дунсиань, Дагуур, Хөхнуурын хошуудад буюу Дээд Монгол, цагаан Монгол, цастын Монгол, Шинжааны ойрд, Юннаны монгол гээд арав гаруй сая Монгол угсаатан хэрхэн амьдарч байгааг энэ номонд гэрэл зургаар харуулжээ. Мөн Их эзэн богд Чингис хаан, түүний үр сад нарын байгуулсан Улс, Гүрнүүд, Монгол хаадын дэлхийн түүхэнд оруулсан соёл иргэншлийн нээлт, шинэчлэл болон тэртээх зууны их Монгол улсынхаа хязгаар нутгийг сахин үлдсэн Монголчуудын өнөөдрийн дүр төрх, амьдрал уламжлан үлдсэн угсаатны онцлог, ахуй амьдрал, зан заншлыг тусгасан байна. Номын нээлтийн үеэр номын зохиогч Ц.Санчир, Б.Цэрэн нар номынхоо дээжээс уригдан ирсэн зочдод бэлэглэсэн бөгөөд Монголын Үндэсний Номын санд гурван номыг хандивласан юм. “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн номыг “Хас” банкны дэмжлэгтэйгээр крилл болон монгол бичиг, англи орчуулгатай гаргажээ. Тус номонд соёл судлаач Ц.Санчир, орчуулагч судлаач Б.Цэрэн нарын сүүлийн есөн жилийн хугацаанд хаалттай нийгэм, дотоодын зөрчил мөргөлдөөнтэй газар орнуудыг зорчиж явахдаа авсан гучин долоон мянган зургаас таван зуу гаруй гэрэл зураг, тайлбар танилцуулгын хамт оржээ. Номын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан “Хөх толбот монголчуудын түүхийн нэгэн шинэ бүтээл болох “Монголын төлөөх зүрх бүхэнд” номын хуримд Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар оролцож байгаадаа баяртай байна. Олон зууны тэртээх нүүдэлчин монголчуудын баатарлаг тэмцлийн үр дүнд байгуулсан, бараг  дэлхийн талыг эзлэх аугаа их гүрний түүхийн нэг хэсэг болох газар орноор аялан мянга мянган бээр урт бартаат замыг туулан байж, та бидний нээлтийг нь хийж байгаа “Монголын төлөөх зүрх бүхэнд” түүхэн зураг, баримтат тайлбар бүхий гайхамшигтай номыг бүтээсэн “Тархан суурьшсан монголчууд” байгууллагын хамт олонд баяр хүргэе” хэмээн баяр хүргэсэн.


    Ц.Санчир: Номоо Монголын төлөөх зүрх бүхэнд зориулсан

    Номын зохиогч, соёл судлаач Ц.Санчиртай номын нээлтийн үеэр цөөн хором уулзлаа.

    -Шинэ номынхоо талаар та танилцуулаач?

    -Энэ номондоо бид Монголын эзэнт гүрний үеэс тархан суурьшсан монголчуудын өв уламжлал, монголчуудын дэлхийн түүхэнд үлдээсэн дурсгалуудыг харуулахыг хичээлээ. Монголчууд дэлхийн түүх соёлын, дүрслэх урлаг, уран барилгын анхдагч байсан гэдгийг нүдээрээ үзсэн хүний зүгээс хэлмээр байна. Дэлхийн хамгийн анхны одон орны судлалын төвийг Мөнх хааны дүү Хүлэгүн хаан зарлигдан байгуулж байсан, мөн жилд 365 хоногтой гэдгийг Монгол хаадын зарлигаар тооцоолсон байна. Дэлхийн хамгийн анхны тоосгоор барьсан бөмбөгөр ордныг Монгол хааны зарлигаар барьж байсан гээд дэлхийн олон оронд түүхэн дурсгалт газрууд байна. Бид энэ бүх мэдсэн, судалсан бүхнээ монголчуудтайгаа хуваалцахыг хүссэн. Өнөөдөр ингээд дэлгэн харуулж чадсандаа баяртай байна. Энэ номыг хийхэд маш олон хүн ажилласан, зөвхөн орчуулга, хяналтан дээр арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Ингээд бодохоор ганцхан миний хийсэн ном биш юм.

    -“Монголын төлөөх зүрх бүхэнд”. Яагаад номоо ингэж нэрлэсэн бэ?

    -Та хэн ч байж болно, эрдэмтэн судлаач, дарга цэрэг, байлдагч генерал байсан ч Монголын төлөөх зүрх бүхэнд зориулсан. Яагаад гэвэл 800 жилийн өмнөх монголчуудын тухай бид ярих дуртай. Чингис хаан, хаант төр, байлдан дагуулал… Тэгвэл түүнээс үлдсэн тайлбар байдаг билүү. Бид дэлхийд монголчуудаас үлдсэн дурсгал, энэ бахархлыг харуулахыг хүсч байна. Бид монгол бичигтэй хүмүүст зориулж Чингисийн монгол бичгээр, англи хэл, крилл үсгээр номоо гаргаж байгаа. Энэ ном маань Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээний үг, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин гуайн мялаалгын үгээр эхэлж байгаа. Арван бүлэгтэй Монголын байлдан дагууллаас үлдсэн гайхамшигт дурсгалууд, дэлхийн 20 гаруй оронд байгаа Монгол угсаатны өнөөдрийн дүр төрхийг харуулсан юм.
     
    -Таны аялал хэзээнээс эхэлсэн бэ?

    -Сүүлийн есөн жил. 2004 оноос эхлэн тухайн улс болгонд очиж судалж байна. Бид өөрсдөө очиж, үзэж харж, судалж, баримтжуулж явсан. Энэ хугацаанд бид 37 мянган гэрэл зураг авсан. Тэр бүгдээс шилж сонгож 500 зургаар энэ номыг бүтээлээ. Монгол нь хаана байгааг монголчууд мэддэг байх нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг гэж боддог учир өнөөдөр энэ ном уншигчдад хүрч байна.
    -Таны аяллын хамгийн анхны улс, хот хаана байв?
    -Бидний хувьд аяллаа Дунсиань дахь монголчуудаас эхэлсэн. 1227 оны хавар Чингис хаан их цэргээ удирдаад Алтан улсыг эзлэхдээ өнөөгийн Хатан голын эрэг дээр шархадсан, бие нь тамирдсан цэргүүдээ үлдээгээд цааш явсан. Тэдний үр хойч нь Дунсиань монголчууд юм.

    -Есөн жилийн хугацаанд та хэдэн орноор аялж судалгаа хийв?

    -Хорь гаруй орноор аялсан.
    -Өмнө нь бас гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино хийж байсан байх аа?
    -Тийм ээ. Бид есөн жилийнхээ баримт материал, судалгаанаас дээжлэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, баримтат кино хийж үзэгчдэд хүргэсэн. Гэрэл зургийн үзэсгэлэнд 120-оод зургийг дэлгэн харуулсан. Бид яахав кино хийгээд нэг удаа гаргаад өнгөрч болох ч ном бол баримт болон үлдэнэ. Тиймээс энэ номоо маш сайн нягталж, хянасан. Учир нь энэ бол түүх.

    -Ингэхэд номоо хэдэн төгрөгөөр үнэлсэн бэ?

    -“Интерном” дэлгүүрийн салбаруудаар 45000 төгрөгөөр худалдаалж байгаа. 

    М.Дөлгөөн

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж