Дээрх хэрэг 2010 оны эхээр хэвлэлээр шуугиан тарьж эхэлсэн бөгөөд цагдаа нар Парис хотын Елисейн өргөн чөлөөний ойролцоо орших шөнийн клубт нэгжлэг хийж, уг хэрэгтэй холбогдох 18 охиноос байцаалт авсан байна.
Тэдгээр охидын нэг нь болох Захия Дехар гэгч уг хэрэгтэй холбоотойгоор Paris Match сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт ярилцлага өгсөн бөгөөд түүндээ Рибери “тэргүүтэй” үндэсний шигшээ багийн хэд хэдэн тоглогчтой бэлгийн харьцаанд орсон, анх Риберитэй клубт танилцсан, гэхдээ Захия өөрөө тухайн үед 18 нас хүрээгүй гэдгээ нуусан тухайгаа ярьсан юм. Дээрх хэрэгтэй холбогдох анхан шатны шүүх хурлын үеэр Рибери Дехартай “унтсан” гэхдээ түүнийг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй гэжээ. Харин Бензема ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм.
Өчигдөр болж өнгөрсөн байцаалтын дараа хоёр тоглогчийн хэн нь ч албан ёсоор мэдэгдэл хийгээгүй ажээ. Харин Риберигийн өмгөөлөгч эмэгтэй цагдаагийн байгууллагын гадна сэтгүүлчдийн асуултад хариулахдаа түүний үйлчлүүлэгч нь ямар нэг буруу зүйл хийгээгүй, тийм нөхцөлд гаднаас нь хараад, эсвэл хоорондоо ярилцсанаар тухайн охины жинхэнэ насыг мэдэх боломжгүй талаар ярьсан байна.
С.Цэлмэг