“Хүрээ цам” харайлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Энэ жил Зүүн хүрээ Дашчойлон
хийдийн 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Зүүн хүрээ Дашчойлон
хийдэд “Хүрээ цам”-ыг долоо дахь жилдээ дэглэн үзүүлж сүсүэгтэн олноо
баясгалаа. Эрт дээр үеээс монголчууд “тойрон бүжих” ухаан буюу “цам”
хэмээх нууц бясалгал дияаны зан үйлийг уламжлан ирсэн билээ.  Энэхүү
уламжлагдан ирсэн шашны зан үйлийн ёсыг тус хийд нь  шашны номын ёсоор
нарийн дэг, жаягийн дагуу хийсээр ирсэн юм.

Цам бүжиг нь Цаст
төвдийн орноо бурхан шашныг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барих тэр
үед хар зүгийн лус савдгууд харшласанд Энэтхэгийн их багш, ловон
Бадамжунай нууц тарнийн ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж
улмаар цам бүжих зан үйлээр хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж,
төвийн анхны хийд болох Цогт төгөлдөр Самъяа хийдийг байгуулж байсан
эртний түүхтэй ажээ.


Монголд шарын шашинтай хамт
дэлгэрсэн цамыг “Жарах цам” буюу “Хүрээ цам “ хэмээн нэрийдсээр ирсэн
байдаг. Хүрээ цам нь хэдийгээр Төвдөөс уламжлагдсан боловч монгол төрх
байдал, монгол зан үйлийг нэгэнтээ шингээсэн бидний шашны соёлын нэгэн
чухал өв болтлоо хөгжин дэлгэрч чадсан байх юм. Цам бүжиг нь нэг
талаасаа соёл урлагийн нандин өв, нөгөө талаас аливаа зовлон зүдгүүр,
муу бүхний үндэсийг таслан амирлуулах зорилготой шашны зан үйл тул
нүдээр үзэж баясахаас гадна сүжиглэн залбирч  биширвэл эрдэм гардаг
ажээ. Ийм ч учраас урд урдын мэргэдүүд “цам үзсэн хүний сэтгэл ариусч,
ирээдүй хойчдоо гэгээрэлд хүрэн бурхан бовьсадваа нарын гэгээн дүртэй
учрахын ерөөлийн дээд болдог” хэмээн үздэг байна.

Цамын бүжгийг
энгийн нэгэн хүн бүр хийгээд байдаггүй шашны зан үйл талаасаа лам
хуврагууд багаасаа энэхүү ёс жаягт суралцан сэтгэл санаа, бясалгалаар
бэлтгэгдэн бүждэг ажгуу. Энгийн нэгэн бүжгийн хөдөлгөөн мэт харагдах ч
тус бүрдээ бурханы дүрийг амилуулан сүсэгтэн олны өмнө толилуулдаг эрхэм
ёс ажээ. Цам харайх үед талбай дээр тойруулан гортиг зуран тус гортигт
цам харайж байгаагаас бусад хүн хүрч, хөндөж болдоггүй нь ариун байлгах
үүднээс хийдэг шашны зан үйл юм билээ. Цамын зан үйл нь “Дүртод даваг”
гарч ирэн цамын талбайг ариусгасны дараа цамын зан үйлийг
муу хорлолоос хамгаалах зүгийг тэтгэгч 15 чогжонг бэлгэдсэн 15 лам 
хиур туг барисаар цамын талбайг тойрон өөр өөрсдийн байрыг эзлэн
зогсоно. Үүнтэй нэгэн зэрэг цамын талбайн төв дунд байрлах сорын асарт
гурван өдрийн турш урин бэлтгэсэн сорын балинг залав. Цамын гортигт
Хашин хаан хүүхдүүдийн хамт гарч ирэв. Хашин хаан нь өглөгийн эзэн болж
шашин номыг ивээн тэтгэсний бэлэгдэлийг бодолцон нийт өглөгийн эздийг
төлөөлүүлэн энэхүү дүрийг оруулсан гэдэг. Дараагийн цам бол Эрлэг номун
хааны элч шива буюу бух, махэ буюу бух хоёр шашин номын дайсныг самран
түйвээж, үлдэн хөөхийг бэлэгдэнэ. Үүний дараагаар эд хөрөнгийг
арвижуулан сахигч Гонгор, Намсрай бурхад, Улаан сахиус Жамсран бурханы
нөхөд болох Ригбий лхамо, Лайхан нарын дараа Улаан сахиус биеэр залран
саад тотгорыг тасдан гэсгээх хөдөлгөөн хийж цамнасаар эргэн залардаг. Их
маха гала Гомбо бурханы нөхөд Чадраа бала, Зина мидра, Дагги раза,
Дагарид дөрөв нь гарч ирэн лусын найман аймгийн догшин дөрвөн лусын
номхотгон дарж Гомбо бурхны эрхэнд оруулан улмаар амьтны тусыг үйлдэхээр
дөрвөн зүг найман зовхист зараалаар илгээх байдлыг илэрхийллээ.

Энэтхэгийн номын
мэргэдийг илэрхийлсэн хоёр Азар гарч ирэн номт гурван орны шашин номын
барилдлагыг билэгдэн бүжнэ. Урт наст Цагаан өвгөн урт нас, удаан жаргал,
өлзий хутаг, буян хишгийг олон түмэнд түгээн дотноор цамнан бүжнэ. Урт
наст Цагаан өвгөний дараа эрлэг номын хааны элч нар Чамбон буюу Цамын
ноён, шанаг, аргамба, сэржимба бусад шанаг нарын хамт гарч ирэн даливаа
муу бүхний үндэс болсон муу сэтгэлийг дархаар цамнана.  Дааагийн цам
Эрлэг номун хаан өөрийн охин тэнгэр ханийн хамт  гарч ирэн аливааг мууг
үлдэн хөөхөөр гөрч ирнэ. Түүнд тахил сэржим өргөсний дараа нийт бурхад
хамтран цамнан бурханы шашин, судар тарнийн хос ёсны бүхэн дэлгэр
хойтдоо бурханы хутгыг олохыг ерөөдөг. Цамын эцэст аливаа муу үйлийн
үндэс, муу сэтгэлийг таслан дарах бэлгэдэлтэй сорын балинг галд
өргөснөөр хүрээ цамын зан үйл өндөрлөв. Цамын зан үйлийг шашины ёсоор
гүйцэлдүүлснээр орон нутагт ган зуд, гай гамшигын хөнөөл арилан, амар
амгалан өлзий хутаг бүрддэг хэмээн үздэг бөлгөө.  Энэхүү цамын ёслолын
үзэж сонирхохоор  гадаад, дотоодын олон үзэгч, сүсэгтэн цугларсан юм.

Энд
дарж зураг үзэх

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж