Бельгийн үндэсний баяр. Бельгийн анхны ван I Леопольд цагаан морь хөлөглөн Брюссель 1830 онд ирэн тангараг өргөсөн энэ өдөр Бельги улс бүрэлдсэн нь албан ёсны баримт болжээ.
Өдрийн ишлэл
“Хайр сэтгэлгүй хүнтэй хэзээ ч битгий хамт аялалд явж бай”
(Нэрт зохиолч Эрнест Хемингуэй, 1899 оны долдугаар сарын 21-нд төржээ.)
Эрнест Хемингуэй "Финка Вихия" гэх өөрийн эдлэндээ, Куба. 1947 он
Бусад ишлэл: “Согтуудаа ам гарсан зүйлээ эрүүлдээ үргэлж биелүүлж бай. Тэр чамайг чалчаа болгохгүй”
“Парис бол үргэлж чамтай хамт байх баяр юм”
“Ёс зүй гэдгээс чамд сайн бол тэр нь ёс зүйтэй, чамд муу бол тэр нь ёс зүйгүй гэдгийг л би мэднэ”
“Хамгаалагдаж чадаагүй баялгаас дайн төрдөг”
“Ялагчид юу ч ноогдохгүй”
“Хэдий чинээ их хөгширнө, төдий чинээ хэн нэгнийг баатар болгон тооцох нь хэцүү. Гэлээ ч тэр хэрэгтэй”
“Номноос үнэнч найз гэж үгүй”
“Урлагийн чиглэлүүд нь агуу мастеруудыг дагасан чадваргүйчүүдийг ангилсан хэрэг юм”
Үйл явдал
Александрийн газар хөдлөлт
365 ОН: Александрийн газар хөдлөлтөөр 50 мянга хүртэл хүн үрэгдэж, дэлхийн долоон гайхамшгийн нэгээр тооцогддог Фаросын гэрэлт цамхаг хэсэгчилэн нуржээ. Египетийг II Птолемей хаан захирч байсан үеэр МЭӨ III зуунд Фаросын аралд боржингоор баригдсан уг цамхаг 180 метрийн өндөртэй, дээр нь тогтмол гал түлэн хөлөг онгоцнуудын замыг заан гэрэлтүүлдэг байжээ. Хожим 400 оны газар хөдлөлтөөр цамхаг нэмэгдэн сүйрсэн ба 1375 оны газар хөдлөлт түүнийг бүрмөсөн нураасан юм. Цамхгаас гэрэлтүүлэх төхөөрөмжийн бидний сайн мэдэх “фара” нэр л үлдсэн байна.
Романовын овгийг үүсгэгч хаанчлалд залагдлаа
1613 ОН: Польшуудыг Москвагаас хөөн гаргасны дараа 1613 оны наймдугаар сард шинэ хаан суулгах боломж оросуудад гарч ирсэн байна. Хаан ширээнд суухаар Польшийн хааны удмын Владислав, Шведын жонон Карл-Филипп гээд л өрсөлдөгч цөөнгүй байв. Гэвч 1613 оны эхээр зарласан Земийн сүм хийд Михаил Федорович Романовыг хаан ширээнд суулгахаар шийдсэн байна. Тэрээр өмнөх хаадтай цусан төрлөөр хамгийн ойр байсан ба элч төлөөлөгч нар түүнийг эхийнх нь хамт Костромын Ипатьевын хийдээс олжээ. Михаил Романовыг хаан ширээнд залах болсныг мэдээд дургүйцсэн польшууд жижиг отрядыг Ипатьевын сүмийн зүг илгээн Михаилийг хөнөөлгөхийг завджээ. Жирийн нэг тариачин Иван Сусанин Михаил Романовыг хөнөөлгөхгүйн тулд Польшийн отрядад замчлан ойд төөрүүлжээ. Тамлан байцаасны дараа польшууд Сусаниныг цаазалсан ч өөрсдөө намагт шигдэн живж үхэцгээжээ.
Михаил өөрийн эхийн хамт эхлээд хаан болохгүй гэж татгалзаж байлаа. Самууны дараа улс орон нь тонон дээрэмдүүлсэнээс гадна Михаил залуу байв. Хаан болох сонирхолтой байсан түүний эцэг Польшийн олзонд байжээ. Эцэг нь Москвад буцан ирснийхээ дараа шашны лидер патриарх болохыг зөвшөөрсөн гэдэг. Кремлийн Успенскийн сүмд Романовынхнын хааны овгийг үүсгэгч Михаил Федорович Романовыг хаан ширээнд залах ёслолыг 1613 оны энэ өдөр хийжээ. Эцэг хүү хоёр зэрэгцэн төр барьж, самуунт цагийн төгсгөл Орост ирсэн юм.
Рубенсийн гэр музейг нээжээ
1946 ОН: Нидерландын Антверпен хотноо Фландрийн гол хотод суут зургуудаа бүтээсэн дундад зууны агуу зураач Рубенсийн гэр музейг нээжээ. Тэр байшинг зураач 1610 онд худалдан аваад дараа нь өөрийн 10х8 метрийн хэмжээтэй урланг нэмэн барьсан байна. Байшинг шинэчлэн засаад агуу зураачийн гэр музейг Дэлхийн II дайны дараагийн жилд нь нээсэн аж.
Дэлхийн анхны эмэгтэй ерөнхий сайд гарч ирэв1960 ОН: Дэлхийн анхны ерөнхий сайд эмэгтэйгээр Сиримаво Бандаранаике (1916-2000) тодорлоо. Тэрээр Цейлоны үндэсний лидер өөрийн нөхөр Соломонаас уг тушаалыг залгамжлан авсан байна. Соломон христийн сүсэгтэй байсан учир буддист хэт даврагч ламд буудуулан хөнөөгдсөн юм. Цейлон 1972 онд Шри-Ланка нэртэйгээр тунхаглуулж байхад Сиримаво Бандаранаике тус орны Гадаад яам, Батлан хамгаалах яамдыг толгойлж байв. Тэрээр тус орны бараг 40 жил удирдсан байлаа. Тэрээр 1994 оноос ерөнхийлөгчөөр сонгогдсон охин Чандрика Бандаранаике Кумаратунгагийн хамт дахин улсаа удирдаж иржээ.