Үүргээ биелүүлээгүй бол зөвшөөрөл олгохгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Үүргээ биелүүлээгүй бол зөвшөөрөл олгохгүй

БОАЖЯ-наас холбогдох газруудтай хамтран 2009-2010 онд уул уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагаанаас эвдрэлд орж орхигдсон газрын тооллогыг Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Төв, Булган, Сэлэнгэ гэсэн 15 аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийжээ.

2009 байдлаар Архангай аймагт 8 нэгж талбарт 449.4 га, Хэнтий аймагт 47 нэгж талбарт 402.1 га, Өвөрхангай 11 нэгж талбарт 561.9 га, Баянхонгор аймагт 235 нэгж талбар 708.9 га, Өмнөговь аймагт 48 нэгж талбарт 75 га, Дорноговь аймагт 93 нэгж талбарт 28 га буюу нийт 434 нэгж талбарт 1872.01 га газар эвдрэлд орж орхигдсон байна.

Харин 2010 оны дүнгээр Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар гэсэн 6 аймгийн 14 сумын 51 нэгж талбарт 690.3 га талбай, Төв, Булган, Сэлэнгэ аймагт 6 сумын 30 нэгж талбар 1422.15 га талбай, нийт 9 аймгийн 21 сумын 81 нэгж талбарт 2112.45 га эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигджээ.

Нэгдсэн дүнгээр, дээрх 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 2009-2010 онд нийтдээ 566 нэгж талбарт 3984.46 га газар эвдрэлд орж орхигдсон байгааг тогтоосон аж.

Эдгээр эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь 340 аж ахуйн нэгж байгууллагын, үлдсэн нь гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд өртсөн байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Иймд, тооллогын дүнд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдэд холбогдох хариуцлага тооцох, нөхөн сэргээлт хийлгэх, экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтэд зарцуулсан төлбөрийн нөхөн төлүүлэх арга хэмжээг шат дараатай авахаар болжээ. Энэ хүрээнд эзэн холбогдогчийг нарийвчлан тогтоох ажлыг Цагдаагийн байгууллагатай хамтран тогтоох ажлыг эхлүүлжээ. Ингэснээр улсад буюу байгальд учирсан хохирлыг эзэн холбогдогчоор нөхөн төлүүлэх, цаашид ийм байдал давтагдуулахгүй байх чиглэлийг БОАЖЯ-наас хатуу баримталж байгаа гэнэ.

Түүнчлэн, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчин хамгаалах үүргээ биелүүлээгүй дараах аж ахуйн нэгжүүдэд цаашид шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй, мөн 2011 онд олборлолтын үйл ажиллагааг өөр аль нэг газарт шинээр эхлүүлэхгүй байхыг холбогдох газруудад албан бичгээр хүргүүлсэн талаараа БОАЖЯ-ны сайд Л.Гансүх мэдэгдлээ.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж