
Хэрэглэгч, худалдан авагчид өдрөөс өдөрт смартфөүнд татагдаж буй энэ шилжилтийн үед өдгөө тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Олли-Пекка Калласвуо ажил үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж чадахгүй байгаа гэж үзсэн бололтой. Тус компани гар утасны нийлүүлэлт, борлуулалтын хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байгаа боловч смартфөүний зах зээлд Apple, Research in Motion болон бусад смартфөүн үйлдвэрлэгч компаниудтай харьцуулахад чамлахаар үзүүлэлттэй байгаа юм.
Ноён Калласвуо 2006 оноос хойш Nokia-г удирдаж эхэлсэн боловч нэг жилийн дараа iPhone гэгч “мангас” мэндэлж, улмаар компани зах зээл дээрх хүчтэй байр сууриа алдаж эхэлсэн билээ. Канадын RIM компани ч мөн Blackberry ухаалаг гар утсыг гаргаснаар энэ салбарт Nokia улам бүр хойш ухарсаар байна.
Nokia компанийн зүгээс ерөнхий гүйцэтгэх захирлынхаа талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй боловч Wall Street сэтгүүлийн мэдээлснээр тус компани томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байгаа гэнэ. Эцсийн шийдвэр энэ сарын сүүлээр гарах аж.
С.Цэлмэг