Байнгын хороо 70 асуудал шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Байнгын хороо 70 асуудал шийдвэрлэжээ

Байнгын хороо 70 асуудал шийдвэрлэжээ
Төрийн байгуулалтын байнгын хороо 2010 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 14 удаа хуралдаж, 70 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 62, Улсын Их Хурлын 5 тогтоолын төслийг хэлэлцэж, 13 санал, дүгнэлт гаргалаа.
Тайлангийн хугацаанд хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг 1, өргөн мэдүүлэгдсэн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах 4 ажлын хэсэг байгуулагдаж, нийтдээ 14 удаа хуралдаж санал, дүгнэлт гаргасны дээр  Байнгын хорооноос 8 тогтоол  баталсан байна.
Байнгын  хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 850  хуудас бүхий 236 албан бичиг, иргэдээс 616 хуудас бүхий 188 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно.  Байнгын хорооноос 19 албан бичиг явуулсан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дараахь хууль, тогтоолын төслүүд хэлэлцэгдэв. Үүнд:
1.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд, Ёс зүйн дэд хорооны болон Нутгийн удирдлагын дэд хорооны дүрэм батлах тухай  Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоол, Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны  20 жилийн  ой тэмдэглэх тухай зэрэг хууль, тогтоолын төслүүд батлагдлаа.
2. Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Су.Батболд,        Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нараас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 төсөл, түүнчлэн Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд зохих ажлын хэсгүүд ажиллаж байна.
3. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй учраас төсөл санаачлагч нарт буцаагдсан болно.
Төрийн албаны зөвлөлийн 2009 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Төрийн албаны зөвлөлд уг хуралдааны тэмдэглэлээр үүрэг өглөө.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн хувилбарууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг  Улсын Их Хурлын  гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нар танилцуулж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph), профессор Д.Солонго “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль ба Үндсэн хууль” илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн, судлаачид, улс төрийн намын болон Иргэний нийгмийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож 20 гаруй хүн үг хэлж, санал гаргав.
Төрийн байгуулалтын байнгын хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан төлөөлөл, оролцоог хангах нь” төслийг 2010-2011 онуудад хэрэгжүүлэхээр болж, 2010 оны 05 дугаар сарын 3-ны өдөр төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын Ажлын хэсэгт сонгуулийн тогтолцооны хувилбар, томъёоллыг боловсруулахад нь техник туслалцаа үзүүлэхээр төлөвлөсөн болно. Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин сонгуулийн асуудлаар зөвлөлгөө өгөхөөр ирсэн Австралийн Их сургуулийн улс төр судлалын олон улсын зөвлөх профессор Бэнжамин Райлийг хүлээн авч уулзаж санал солилцов.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Х.Тэмүүжингийн санаачилгаар “Парламентын хяналт- Хариуцлагатай ардчилал” нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулж, 5 илтгэл тавигдлаа.
Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Я.Батсуурь, Э.Мөнх-Очир, Д.Дондог нар 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Тайландын Үндэсний ассемблейн байнгын хорооны гишүүд 16 төлөөлөгчийг, Байнгын хорооны дарга АНУ-ын Улсын Бүгд найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Азийн хэлтсийн орлогч дарга, хатагтай Тина Мэффордыг, 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Байнгын хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяр, Д.Загджав нар Канадын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, доктор Мариа Баррадос, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын орлогч нарийн бичгийн дарга Патрисса Хассард, Төрийн албаны сургуулийн ерөнхийлөгч Гы Мк Кэнзий нарыг тус тус  хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.
Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, батлагдсан хуулиудын талаар мэдээлэл хийв.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Гачуурт тосгон, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, засаг захиргааны нэгж бүрийн эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, ажлын ачааллын байдалтай танилцаж, хуулийн төсөлд тухайн нэгжийн ажилтнууд ямар асуудлыг тусгах шаардлагатай байгаа талаар харилцан ярилцлаа.
Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөнөөс тавьж байгаа асуудлыг судалж хариу өгөх Улсын Их Хурлын даргын 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 59 тоот захирамж гарч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө. Энхтүвшин уг ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Энэ ажлын хэсгийнхэн тус хөдөлгөөнийхэнтэй  5 удаа уулзаж,  9 заалт бүхий “Санамж бичиг”-т 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2 талаас гарын үсэг зурснаар өлсгөлөн зогссон болно. Санамж бичигт дурьдсан ажлуудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, түүний дагуу 2010 оны   5 дугаар сарын 20-ны өдөр Ажлын хэсгийн зарим гишүүд Монголын Үндэсний телевизээр Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний  гишүүдтэй шууд нэвтрүүлэгт оролцов.
Байнгын ажиллагаатай Парламентын 20 жилийн ойд зориулж “Төрийн байгуулалтын байнгын хороо 2008 оны 7 дугаар сараас 2010 оны 7 дугаар сарын хугацаанд” нэртэй товхимолыг Байнгын хорооны ажлын албанаас эмхтгэж хэвлүүлсэн талаараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж