
Хагас жилийн өмнө батлагдан, долдугаар сарын 1-нээс мөрдөж байгаа Банкны тухай хуулийн биелэлтэд арилжааны банкууд хайнга хандаж байна уу гэсэн сэтгэгдэл эрхгүй төрж байна. Тэд “гэрийн даалгавар”-аа биелүүлэх тун ч дургүй байна. Сонин хэвлэлээр ил тод зарлан сурталчилсан зүйл алга, өөрсдийн сайтдаа ч төдийлөн хангалттай мэдээлэл тавиагүй байна. Тэдний гэрийн даалгаврын биелэлтэд хэн хяналт тавих ёстой вэ. Банкуудын сайтаар “хэсч” шинэхэн хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг сонирхуулъя.
“Төрийн банк” дампуурсан “Зоос” банкны сууринд бий болсон төрийн өмчит банк. Төр хамгийн муу менежер гэдэг ч өдгөө Монголын 13 арилжааны банкны нэг нь тэднийх болоод байгаа. Муу юманд сайн юм байж болохгүй юм уу гэгчээр хаа очиж ТУЗ болон санхүүгийн мэдээлэл нь бусдаас харьцангуй ил тод ажээ.
Тус банкны ТУЗ-ийн даргаар Сангийн дэд сайд Т.Очирхүү, гишүүдээр,
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг,
Төрийн өмчийн хорооны тамгын газрын дарга Л.Ганбат,
Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр,
Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат,
Сангийн яамны Дотоод аудит хяналтын, шинжилгээ, үнэлгээний газар Б.Гэрэлмаа, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын орлогч дарга, Б.Ганболд нар багтдаг ажээ.
Гүйцэтгэх захирлаар Бэн Турнбул гэх гадаад хүн ажилладаг бол гурван дэд захирлын нэг нь л Монгол хүн байна. Түүнийг Ж.Отгонбилэг гэх ба борлуулалт хариуцсан захирал юм байна. Үйл ажиллагаа хариуцсан захирлаар Роберта Ложиа, Санхүү хариуцсан захирлаар Сорен Соренсон ажилладаг юм байна. Мөн тус банк энэ оны зургадугаар сарын байдлаар санхүүгийн үзүүлэлтүүдээ сайтдаа мэдээлсэн байна. Харин бүтэц, зохион байгуулалтын графикийн хамгийн дээд талд нь хувь нийлүүлэгчдийн хурал гэсэн нь анхаарал татсан. Гэвч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл байсангүй.
ХААН БАНК:
Монгол орныг хэрсэн сүлжээтэй салбар, харилцагчдынхаа тоогоор нэгд жагсдаг банк бол Хаан банк. Питтер Морроу гэх гадаад захирал, япон эздийн тухай мэр сэр мэдээлэл байдаг ба сайтдаа ТУЗ-ийн зургаан гишүүнээ мэдээлсэн төдийгүй хувьцаа эзэмшигчдийг ч мөн ил тод болгожээ.
Япон улсын “Савада Холдингс” ХХК ХААН Банкны хувьцааны 53 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувьцааг Монгол Улсын “Таван Богд Трэйд” ХХК, Олон Улсын Санхvvгийн Корпораци (ОУСК), Девелопмент Альтернатив Инк (DAI) болон Морроу Фэмили Траст нар тус тус эзэмшдэг болно. ОУСК нь Дэлхийн банкны харъяа байгууллага бол АНУ-ын Мэрилэнд мужид төвтэй DAI нь олон улсын хөгжлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг компани юм. Банкны төлөөлөн удирдах зөвлөлийг Хидео Савада даргалдаг ба тэрбээр японы “Савада холдингс” компанийн ТУЗ-ийн дарга юм байна. Хаан банкны ТУЗ-ийн гишүүнээр “Савада холдингс” компанийн захирал Ёшиаки Мишима, “Таван богд” группын ерөнхийлөгч Ц. Баатарсайхан, тус группын тэргүүн дэд ерөнийлөгч Д. Хулан, “AJK Finencial sevices” ХХК-ийн захирал Жемал-уд-дин Кассум, тус банкны гүйцэтгэх захирал Ж.Питер Морроу нар тус тус байна.
Энэ дашрамд банкны түүх болон хөрөнгө оруулалтын тухай цухас дурдъя. Монголын Хөдөө Аж Ахуйн Банкийг Монгол Улсын Засгийн Газар, Монголбанк, Дэлхийн банк, АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлаг хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Монголбанкны эрх хvлээн авагчдаас Олон улсын банк санхvvгийн туршлагатай менежер, АНУ-ын иргэн, ноён Ж.Питер Морроу 2000 оны 8 дугаар сарын 11-нд хvлээж авсан юм. Хувьчлалд бэлтгэх ажлыг амжилттай удирдаж зохион байгуулсны дvнд 2003 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Монголын Хөдөө Аж Ахуйн Банкийг Японы H. S. Securities компани 6,580,000 ам. доллараар хувьчлан авч байжээ. Тус банк хувьчлагдахын өмнөх улиралд 490 сая төгрөгийн цэвэр ашигтай байсан бол хувьчлагдсаны дараах 3 дугаар улиралд орлогын татварт 345 сая төгрөг төлсний дараа цэвэр ашиг нь 541 сая төгрөг болж өссөн. Энэхvv өсөлтийг хангахын тулд ХААН Банкны эзэмшигч Японы H. S. Securities компани долдугаар сард банкны хөрөнгөд хоёр сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ банкны ашгаар дахин хөрөнгө оруулалт хийсний дvнд 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тухайн жилийн ашгаар нийт өөрийн хөрөнгө 7,864 сая төгрөг болж өсч байжээ.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК:
Худалдаа хөгжлийн банк Монголын хамгийн ууган төдийгүй том банкуудын нэг. Энэ жил 20 насны ой болж байгаа. Одоогийн байдлаар хувь нийлүүлэгчид болон ТУЗ-ийн тухай мэдээлэл байхгүй байна. Хас банк ерөнхийдөө мэдээлэл сайтай байгааг өмнө нь бид мэдээлж байсан.
ГОЛОМТ БАНК:
Голомт банк “Бодь Интернэшнл” гэсэн нэг хувь нийлvvлэгчтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани гэснээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл алга. ТУЗ-ийн гишүүд Д.Баясгалан, Л.Болдхуяг болон М.Зоригт гэсэн мэдээлэл хэвээр байна. Гүйцэтгэх захирал нь Жон Патрик Финиган гэх гадаад хүн ажээ. Удирдлагын багт 12 хэлтсийн захирлынх нь мэдээлэл байна.
ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК:
Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлэгчид Д.Энхтайван, Д.Энхтуяа, Б.Оргилмаа, “Инфрастракчер” ХХК. Удирдлагын багт нь Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч К.Зейгеш ажилладаг юм байна. Энэ сарын 26-ны өдөр болох Банкны хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн асуудлыг шийдвэрлэх тухайгаа сайтдаа мэдээлжээ.
ТРАНС БАНК:
Транс банкны сайтад өмнөхөөсөө илүү мэдээлэл ороогүй байна. Энэ сарын 26-ны өдөр болох Банкны Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн асуудлыг шийдвэрлэх болно гэжээ.
УЛААНБААТАР БАНК:
Улаанбаатар банк нийслэлээр овоглодог. Гэхдээ хөрөнгө оруулагч болон хувь нийлүүлэгчид нь хэн бэ гэдгийг хүмүүс мэддэггүй. Сайтад нь ч энэ талаарх мэдээлэл алга. Зөвхөн тус банкны гүйцэтгэх захирал А.Энхмэнд ажилладаг тухай товч мэдээлэл тавьжээ.
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК:
Үндэсний Хөрөнгө оруулалтын банк иргэдэд төдийлөн танил болоогүй. Гэхдээ аварга Д.Сумъяабазарынх, түүний дүү ёкозуна Д.Дагвадорж ТУЗ-д нь байдаг гэх. Юутай ч тус банкны сайтад мэдээлснээр ТУЗ-ийн дарга Д.Сумъяабазар, гишүүдээр James Passin, Akira Minamino, Д.Дагвадорж гэсэн байна. Гүйцэтгэх захирлаар Б.Баярсайхан ажилладаг бол таван хэлтсийн захирлын танилцуулга бүхий мэдээлэл сайтад нь оржээ. Түүхээс нь сонирхуулахад, ОХУ-ын “Менатеп Санкт-Петербург” АХН банкны Монгол дахь салбар банк 2002 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлж, ОХУ руу хийж буй төрөл бүрийн төлбөр тооцоог дагнан гүйцэтгэж байсан байна. 2006 оноос дүрмийн санг нэмэгдүүлэн Монголбанкны 327 тоот тушаалаар “Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк” болон өөрчилж Монгол-Кейман-Канад-Швейцарь-АНУ-ын хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай Монголын анхны хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк болжээ. Одоогоор Япон, ОХУ-д төлөөлөгчийн газар нээн ажиллуулж байна.
ХАДГАЛАМЖИЙН БАНК:
Хадгаламжийн банкны вэб сайтад ТУЗ, гүйцэтгэх захирал, удирдлагын баг гэсэн хэсэгт ямар нэгэн мэдээлэл алга. “Засвар хийж байна” гэх зарлал тавьсан байна. Чингис хаан банк-ТУЗ-ийн дарга Сергей Громов ба удирдлагын багаа сайтдаа ил тод мэдээлсэн.
Капитал, Капитрон, Эрэл банкуудын сайтад хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн гишүүдийн талаарх тодорхой мэдээлэл байсангүй. Харин Кредит банкны сайт ажиллахгүй байв.
Б.Бямбасүрэн