Монгол Улсаас гадаад орнуудад томоохон нэг аймгийн хүн амтай дүйх тооны иргэд ажиллаж, амьдарч, сурдаг. Наад захын жишээ гэхэд БНСУ-д албан бус тоогоор 40 шахам мянган монголчууд аж төрж байна. Төрийн ордонд болсон гадаад дахь монголчуудын төлөөллийн чуулга уулзалт дээр тэдний тавьж байсан гол саналуудын нэг нь сонгуульд оролцож саналаа өгөх тухай асуудал байв. Хэдийгээр хилийн чинадад амьдарч буй ч төр, засгаа бүрдүүлэхэд саналаа нэмэрлэхийг тэд хамгийн их хүсдэг гэж байлаа.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гадаадад байгаа монголчуудыг саналын эрхтэй болгохыг хүсэн УИХ-ын эрхэм гишүүдэд өнгөрсөн хавар ил захидал илгээснээ тэд ярьж байсан юм. Элчин сайдын яамд дээр саналын хайрцаг ажиллуулж, эсвэл цахим хэлбэрээр санал авч болохыг тэд дурдаж байв. Тэдний Монгол дахь хаягаар, өмнөөс нь хэн нэгэн санал өгч сонгууль луйвардах шалтгаан болдогт харамсдагаа мөн хэлцгээсэн юм.
Д.ОЮУН