УИХ-ын даргыг дагалдан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИх-ын гишүүн Л.Гантөмөр нарын оролцож буй эл хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Женев дэх Европын төв байранд “Парламентууд дэлхийн хямралын үед ардчилсан хариуцлагыг бэхжүүлэх нь” ерөнхий сэдвийн дор явагдаж байна. Дэлхийн олон орноос морилсон спикерүүдийг хуралдаан зохион байгуулах байрны үүдэнд Олон Улсын Парламентын Холбооны ерөнхийлөгч Тео Бен Гурираб, Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Жонсон нар угтан авч суудалд нь урьсан юм.
Хурлыг ноён Тео Бен Гурираб нээж даргалан явуулав. Түүнийг хурал нээсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн хуралдааны төлөөлөгчдөд хандаж үг хэлэв. Тэрбээр “Дэлхийн олон орноос ирсэн спикер, төлөөлөгч та бүхнийг нэгэн зүйл нэгтгэж байна. Энд хууль тогтоох урлагыг эзэмшигчид цуглажээ. Өөрсдийгөө сонгосон ард түмний хүсэл эрмэлзлийг Та бүхэн биелүүлэх учиртай. Байгалийн гамшиг, терроризм, хил дамнасан гэмт хэрэг, олон улсын алан хядлага, улс орнуудын дотоодын үл ойлголцол зэрэг асуудлууд биднийг улам нэгдэхийг шаардаж байна. Парламент нийгмийн сайн сайхан, эдийн засгийн хөгжлийг бий болгож, Засгийн газраараа дамжуулан хүн амын эрүүл мэнд, усны хангамж, боловсролын асуудлыг оновчтой зохион байгуулж шийдвэрлүүлэхийг ард түмнээ төлөөлж сонгогдсон Та бүхэн хийж чадна.
Өнгөрсөн жил цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх НҮБ-ын үзэл баримтлалыг дэмжиж Та бүхний гаргасан баримт бичигт их баяртай байгаагаа уламжилъя. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах үйлдлийг НҮБ зөвшөөрөхгүй. НҮБ, Олон Улсын Парламентын Холбоо нягт хамтын ажиллагаатай байж, мэдээлэл өргөн солилцож, харилцан нэгнээ дэмжиж ажиллахыг хүсч байна” гэж онцолсон юм.
Хурал эхний өдрөө парламентын спикерүүдийн фото зураг авалт, ерөнхий хэлэлцүүлэг бүхий хөтөлбөрөөр үргэлжилж өндөрлөсөн юм. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өөрийнх нь урилгаар саяхан Монгол Улсад айлчилсан Турк, Энэтхэгийн парламентын дарга Мехмит Аль Шахин, Мейри Кумар нартай халуун дотноор уулзаж ярилцав.
Мөн БНАСАУ-ын Парламентын дарга Чой Тэ Поктэй хүсэлтийн нь дагуу уулзаж ярилцсан юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хоёр орны хооронд дээд хэмжээний уулзалт, айлчлалууд болон дипломат харилцааны олон жилийн түншлэлд талархалтай байдгаа илэрхийлээд парламент хоорондын харилцааны хүрээнд урьсан урилгынхаа дагуу айлчлах боломж нээлттэй байгааг уламжлав. БНАСАУ-ын Парламентын дарга Чой Тэ Пок тус улс Монгол Улстай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгдгөө онцлов. Түүнчлэн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү идэвхжүүлэх сонирхлоо илэрхийллээ. Мөн Монгол Улсын олон улсын хэмжээнд явуулж буй бодлогыг нэн зөв зүйтэй байдгийг онцлоод УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг эх орондоо айлчлахыг урьсан юм.
Хурлын хоёр дахь өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсад 1990 оноос олон намын парламент тогтож, зохих төлөвшлөө олж, ардчилал, зах зээлийн харилцаа, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлс улам бүр бэхэжсэнийг, хөгжиж буй орнуудад тохиолдсон санхүү, эдийн засгийн хямралыг гэтлэн давахын тулд олон улсын байгууллагуудын зөвлөмж, дэмжлэг туслалцаа авч байгаа ч хамгийн гол нь улс орныхоо дотоод нөөц, боломжийг ашиглан хүнд байдлаас гарахыг эрмэлзэж байгааг онцолсон юм. Байдлаас сургамж авч, төсвийн тогтвортой, тэнцвэржсэн байдлыг урт хугацаанд хангах тухай хууль баталснаа, мөн банк санхүүгийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, хяналтыг хүчтэй болгох,санхүүгийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ авч буйгаа тэмдэглэв.
Монгол Улс дэлхийн олон нийт, НҮБ-ын хүрээнд хүлээсэн үүргийг харгалзан Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан 2021 он хүртэлх Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулсан, өндөр технологийн аж үйлдвэр хөгжүүлэх бодлого, бэлчээрийн мал аж ахуйн шинэ зууны хөгжлийн хандлагыг тусгасан хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгааг хэлэв.
Зохистой оновчтой хяналт, ил тод байдал хангалттай биш байгаа нь нийгмийн баялгийн хуваарилалтад гажиг үүсч, авлига, хээл хахуульд автах, хөрөнгө цөөн хүний гарт төвлөрөх үзэгдлийг бий болгох нь хөгжиж буй болон шилжилтийн орнуудад, Монголд ч ажиглагдаж байгааг тэрбээр хэлээд ардчилал өөрөө тасралтгүй үйл явц болохын хувьд энэ бүхнийг явц дундаа засч бэрхшээлийг гэтлэн давж болно гэж үзэж байна гэдгээ онцлов.
Түүнчлэн өнөөгийн шатанд нийгмийн амьжиргаа, орлогыг дээшлүүлэх нь Монголын парламентчдын хойшлуулшгүй зорилт болоод байгаа, үүнийг хангахын тулд Монгол орон байгалийн асар их нөөц баялгаа илүүтэй дайчлан ашиглах, ялангуяа нүүрс, зэс, эрдэс баялгийн үлэмж нөөцтэй ордыг эргэлтэд оруулах замаар хөгжлийн шинэ шатанд шилжихийн төлөө ажиллах боллоо. Бидэнд байгалийн баялгаа оновчтой ашиглаж байгаа орнуудын сургамж ихээхэн ач холбогдолтой юм. Энэ үүднээс бид эдгээр орнуудын туршлагыг нухацтай судалж байна. Ер нь улс орнуудын парламент болон түүний гишүүд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх нь чухал байна гэлээ.
УИХ-ын дарга үгийнхээ төгсгөлд Ази-Номхон далайн Парламентын 18 дугаар чуулганаас 19 дүгээр чуулганыг Монгол Улсад зохион байгуулах хариуцлагатай үүрэг ноогдуулсныг тэмдэглээд 2011 оны нэгдүгээр сарын 23-27-нд Улаанбаатарт Ази-Номхон далайн бүс нутгийн парламентын гишүүд, спикерүүдийг урилаа.
Парламентын спикерүүдийн олон улсын III бага хурлаас хамтарсан тунхаглал батлан гаргаснаар хурал өндөрлөнө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ