Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол  Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны зургадугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр есөн баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ юм. Энэ дагуу Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээг шинэчилэн байгуулсан.

Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын хилийг хамгаалах, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэм, түүнийг сахин хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчин 1988 оны гэрээнээс илүү боловсронгуй болно.

Түүнчлэн хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэр дээрх төрөл бүрийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах, байгаль орчныг хамгаалах, хилийн усыг зүй зохистой, илүү үр ашигтай байдлаар ашиглаж хамгаалах, зах зээлийн эдийн засгийн шаардлагаас үүдэн гарч буй хил дамнасан байгууламжийг шинээр барьж байгуулах, ашиглах, хилийн боомтыг бүрэн хүчин чадлаар ашиглах үүднээс үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг олон талт асуудлаар хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэж байна.
Хилийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын гэрээ нь 11 бүлэг, 50 зүйл, 14 хавсралттай юм. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэн Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

ТОВЧХОН

-Улсын Их хурлын гишүүн Э.Бат-Үүл, П.Алтангэрэл нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.

-Концессийн зүйлийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ төр, засгийн бодлого маш тодорхой, олон нийтэд ил тод байх ёстой гэж Засгийн газар үзэн гишүүдийн саналыг тусгаж 2010 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов.

-Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2011 оны төсвийн хязгаар болон 2012-2013 оны төсвийн хязгаарын төсөөллийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хавсралт ёсоор баталлаа. Батлагдсан төсвийн хязгаарт багтаан 2011 оны төсвөө боловсруулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарын зарлагыг урсгал, хөрөнгийн зардал, эргэж төлөгдөх цэвэр зээл гэсэн гурван үзүүлэлтээр гаргажээ.

-Иргэдээс 2010 оны эхний хагаст Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Эхний хагас жилд иргэдээс 1180 санал, өргөдөл, гомдол ирүүлснээс 1070-ыг нь нь шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, энэ тухай иргэдэд мэдэгджээ. 110 өргөдөл, гомдол, саналыг судлаж шийдвэрлэх гэж байна.

-Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 оны зургадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг сайшааж,  айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгав хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж