
Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат…гээд л бөхийн цол дуудаад эхлэнгүүт сүүлийн үед шууд л Өсөхөө аварга нүдэнд харагддаг болчихсон. Уйдамтхай улс хойно манайхан ”Энэ жил Өсөхөө л биш бол хэн ч түрүүлсэн яахав” гэж саяын наадмын өмнө өөр хоорондоо шивэр авир хийж байлаа. Гэвч алдарт “Буур” Жамъян аваргын зээ хүү учраас түүнийг ад үзсэндээ бус ааг бярыг нь залгаж шинэ цолтон төрөөсэй гэсэн монгол түмний хүлээлт ийм буюу. Анх 90-ээд оны дундуур шижигнэсэн зургаан сайхан залуу үндэсний бөхийг жинхэнэ бужигнуулсан юм. Ер нь л үзэх юмтай болгосон гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй байх. Тэднээс өндөр нуруу,биеийн хэлбэр, нүүрний төрх, дэвээ, шаваа гээд монгол бөхийн үндсэн шинжийг өөртөө агуулсан нь Гэлэгжамцын Өсөхбаяр байв. Начин цолыг алгасч 1995 онд улсын заан Б.Гантогтохоор долоо давж заан цолын болзол хангаад байхад нь Мөөеө аварга “Монгол бөх гэж энэ хүүг л хэлэх байх. Яваандаа сайхан аварга болно доо.” гэж байсан гэдэг. Энэ ч ерөөлөөр болж Г.Өсөхбаяр 1993 оноос хойш тасралтгүй 17 жил үндэсний бөхөөр барилдаж дээд цолд өдгөө нэгэнт хүрсэн билээ. Тэрбээр 2002, 2003 онд дараалан түрүүлж Монгол Улсын 18 дахь аварга болсон юм. Харин 2005, 2009 оны баяр наадмаар түрүүлж өвөөгийнхөө цолд буюу Даян аварга хэмээх эрхэм алдарт хүрч чадсан юм.Энэ жил ч сайхан барилдаж харих болоогүй гэдгээ харуулж, идэр залуу бөхчүүдтэй хүч үзэн барилдаж улсынхаа наадамд үзүүрлэлээ. Цаашдаа ч олон наадам түүнийг хүлээж байна.Энэ завсар 2001 оны наадмаар их шөвөгт Даян аварга А.Сүхбаттай таарч барилдаад түүнийг тийрч наадамчдаас зэмлэл хүртэж байсан удаатай. Үүнээсээ болж “тийрдэг Өсөхөө” гэж баахан гоочлуулсан. Монгол бөхөд ийм мэх л дутаж дээ гэж ирээд л түүнийг авч өгсөн дөө, хөөрхий. Аварга бас сүүлийн жилүүдэд барилгын бизнес рүү хүчтэй орсон гэж байгаа. “Бридж” группээр овоглодог нь нөлөөлсөн биз. Тэр бас чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг байсан. Сүүлд чөлөөтөөр барилдахаа болиод улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар хэсэг хугацаанд ажиллаад амжсан. Ийм л аварга даа.
Н.Мөнхтөвшин: Улстөрийн тойм
