Засгийн газар өнөөдөр юу хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Засгийн газар өнөөдөр юу хэлэлцэв

Засгийн газар өнөөдөр юу хэлэлцэв
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банк байгуулж, дүрмийг нь хавсралт ёсоор батлав. Хөгжлийн банкны ажлыг 2010 оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, банкны гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулсны үндсэн дээр туршлагатай, чадварлаг, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэхийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав. Хөгжлийн банк нь стратегийн ач холбогдол бүхий салбаруудад санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тухайн салбарыг дунд болон урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрээр хангах, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дотоод, гадаадын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд татан оролцуулах үндсэн зорилготой юм.
Засгийн газрын хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлснээр 100.0 тэрбум төгрөг тутам эдийн засгийн өсөлтийг 1 хувиар нэмэгдүүлэх боломжтой болно. Банкны санхүүжилтээр байгуулах дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийн обьектууд улсын хөгжлийг түргэтгэж, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлуулах, Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгоход  чухал ач холбогдолтой юм.
Хөгжлийн банкны менежментийг анхнаас нь зөв хийж, ойлгомжтой, нээлттэй байлган, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн, өндөр чадвартай багаар удирдуулах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Төрийн өмчийн хорооны удирдлагад анхаарууллаа.

Тогтоолд өөрчлөлт оруулав

“Монгол Улсын иргэнд  хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоолын 3 дахь заалтад дор дурдсан өөрчлөлт оруулав. Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70,0 мянган /далан мянга/ төгрөгийг 2010 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс, үлдэх хөрөнгийг 2010 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн ногдох хэмжээгээр нь хуваан олгох ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, уг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод Засгийн газрын хуралдаанаас даалгав.

Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай хэлэлцэв

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Аж үйлдвэрийн цогцолборын төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулах ажлыг зарлахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд даалгав. Мөн “Сайншанд” болон бусад бүс нутагт байгуулах аж үйлдвэрийн паркуудыг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, төсөлд үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцох боломжоор хангах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг /Ч.Хүрэлбаатар/-т даалгав.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт дэвшилтэт техник, өндөр технологи бүхий кокс, хар төмөрлөг, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэрийг хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар барина. Ингэснээр боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, цемент, төмөр эдлэхүүний хэрэгцээг дотооддоо ханган, импортын хэмжээ буурч, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн шатахууны үнийг тогтвортой барих боломж бүрдэнэ.
Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн цогцолбор, дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, хот төлөвлөлтийн шаардлагыг бүх талаар хангасан орчин үеийн хот байгуулах юм. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд 5-аас дээш жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам долларын хөрөнгө шаардлагатай. Иймээс төслийг санхүүжүүлэх хөрөнгийг санхүүгийн олон эх үүсвэрээс, үе шаттайгаар бүрдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж байна. Байгуулагдах үйлдвэрүүдийг түүхий эдийн нөөц, дотоод, гадаадын зах зээл, ажиллах боловсон хүчний нөөц бэлтгэх, төмөр зам болон бусад дэд бүтэц барих ажилтай нягт уялдуулах нь чухал байгаа юм. Энэ дагуу техник, эдийн засгийн судалгааг үндэслэл сайтай хийж барьж байгуулах, хөрөнгө оруулагчдыг татах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон улсын хэмжээнд нэр хүндтэй, туршлагатай зөвлөхийг нээлттэй шалгаруулалтаар сонгон авах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

Зөгийн үүр хөтөлбөрийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 19-ний өдөр “Эх орынхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт чуулга уулзалт болж хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болох 350 гаруй хүн оролцсон юм. Энэ чуулга уулзалтаар яригдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хөтөлбөр нь хилийн чанадад байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллаж, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын талаархи мэдээллийг гадаадад байгаа монгол иргэддээ хүргэх зорилготой.

Мөн :
Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, хамтран ажиллахад зуучлах, бизнесийн зөвлөх үйлчилгээ хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх
Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллавал үзүүлэх цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгоно.

Өнөөдрийн байдлаар манай улсын 200 хүртэл мянган иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан бус тоо байдаг бөгөөд энэ нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувь юм. Эдгээр иргэнийхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог улсынхаа хөгжлийн төлөө ашиглахад татан оролцуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Манай улс ойрын жилүүдэд эдийн засаг, нийгмийн олон салбарт бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд 40 гаруй мянган ажлын байр шинээр бий болно. Үүний 6 мянга гаруй нь инженер, техникийн ажилтан байх шаардлагатай. Мөн өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэхээр байгаа юм хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж