АНУ-ын Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн пүрэв гарагт Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамтай бараг нэгэн зэрэг хоёр орны Тэнгисийн цэргийн хүчин Баруун, Зүүн тэнгист (Тайлбар; Шар, Япон тэнгисийн солонгос нэр) хамтарсан сургууль хийх тухай мэдэгдсэн юм. Гэвч Пентагоны хэвлэлийн төлөөлөгчөөс энэ тухай асуусан сэтгүүлчид уг төлөвлөгөөг эрс эсэргүүцсэн БНХАУ-ын талаар гол төлөв асууж байв. Сургуулилтыг Өмнөд Солонгосын цэргийн “Чонан” хөлгийг живүүлж, 46 далайчны аминд хүрсний хариуд хийх гэж байгаа боловч хүмүүсийн анхаарал Солонгос биш АНУ, Хятадын зүгт хандаж байгаа юм.
Хятадын Коммунист намын “Жэньминь Жибао” сониноос эрхлэн гаргадаг “The Global Times”-д АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг Баруун, Зүүн тэнгист болох сургуульд оролцох тухай мэдээлжээ. Мэдээнд Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Хятадыг бүс нутгийн гүрэн хэмээн нэрлэж, тус улсын байр суурийг хүндэтгэх нь зайлшгүй гэснийг нь дурьдсан байна. Хятадын талын шаардлагаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүний мэдэгдлээс “Чонан” хөлгийг живүүлсэн хэрэгт Умард Солонгосыг шууд буруутгасан үг, өгүүлбэрийг хасч, Бээжин Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуульд саад хийж чадлаа. Харин Сөүл Вашингтон, Бээжингийн хэлэлцээрт нөлөөлөх ямар ч боломжгүй байна.
Солонгосын хойгт 1950-1953 онд гарсан дайн нь үнэн хэрэгтээ АНУ, Хятадын хооронд болсон тулаан юм. Түрэмгийлэл эхэлсэн анхны өдрөөс өмнөдийнхөн АНУ-д өөрийгөө даатгаж, умардынхан ч удалгүй Хятадын хараат болжээ. Хятадын цэргийн командлагч нэг удаа Ким Ир Сенд хандан “Энэ бол Макартур бид хоёрын хооронд болж буй дайн” гэж хэлсэн тухай яриа байдаг. Солонгосыг япончууд колоничилсноос 100, Солонгосын дайн эхэлснээс 60 жилийн дараа бид эх орноо эдийн засгийн чадавхиар дэлхийд 15-т ордог гэж бахархдаг хэрнээ аюулгүй байдлын хувьд манай орон 100, 60 жилийн өмнөхөөс огт ялгарахгүй нөхцөлд байгаа юм. Умард Солонгос Хятадгүйгээр оршин тогтнож чадахгүй бол Өмнөд Солонгос АНУ-ын оролцоогүйгээр дайнаас сэргийлж чадахгүй. Тиймээс АНУ, Хятад хоёр зарим талаар хоёр талыг хамгаалж байна.
“Чонан” хөлөг живсний дараах хэдэн сарын хугацаанд АНУ, БНХАУ-ын Солонгосын хойг дахь нөлөөгөө хадгалахын төлөө өрнүүлсэн тэмцэл энэ хэрэг явдалд Өмнөд Солонгосын буруу байгааг харууллаа. Биднийг хэн нэгэн бусдаас хамгаална гэсэн итгэл үнэмшил оюун санаанд маань шингэснээс АНУ, БНХАУ хоёр олс таталцаж буйг бид хөндлөнгөөс ажиглан суух болжээ.
Нэг зуун жилийн өмнө Солонгосын олон нийт Япон, Хятад, Орос гурвын аль нь эх орныг минь хамгаалж чадах вэ гэдэг асуудал дээр санал хуваагдаж байсан бол одоо бид АНУ-д түшиглэж байна. Тийм байгаагүйсэн бол хөлөг живсэн хэргийг манай эрх баригчид сонгуулийн өмнө иргэдийн дэмжлэг авахын тулд өөрсдөө зохион байгуулсан гэх таамаглалууд гарах ямар ч үндэслэл байхгүй. Бид гартаа зэвсэг барин эрх чөлөөгөө өөрсдөө хамгаалахад бэлэн байсан бол тиймэрхүү зүйл чалчиж суух зав гарна гэж үү.
Тусгаар тогтнол гэдэг дайн болох цагт иргэд нь өөрсдөө зэвсэг барин тэмцэхийг хэлдэг. Харин энэ оронд тусгаар тогтнолын тухай хамгийн их ярьж байгаа этгээдүүд дээрх сэжиг, цуу ярианд хамгийн их автаж байна. Тэдний ярьж буй зүйл нь эх орноо хамгаалах гэсэн хүсэл зоригт түшиглэсэн “Тусгаар тогтнол” бус улс төрийн зорилготой хуурамч “Тусгаар тогтнол” юм. Бид улсаа өөрсдөө хамгаалж чадна гэсэн итгэл үнэмшилтэй болсон цагт л тэргүүлэх байр суурьтай болж, АНУ, Хятад хоёр зайгаа тавьж өгөх болно. Үүнд л жинхэнэ тусгаар тогтнол хийгээд эргэн нэгдэхийн эхлэл оршино.
Д.Мөнхболд: Улстөрйин тойм