Р.Рашийн сонирхол дахин өндөлзөж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Р.Рашийн сонирхол дахин өндөлзөж эхлэв

Р.Рашийн сонирхол дахин өндөлзөж эхлэв
Улаанбаатар төмөр замын даргын суудал ганхаж байна. Энэ нь В.Отгондэмбэрэл даргын томилолтын хугацаа дуусгавар болж буйтай холбоотой бөгөөд уг албыг сонирхогчид МАХН болоод Ардчилсан намын лидерүүдийг ээрч тойрох болжээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь дээрх хоёр намын лидерээс илүү Р.Раш гишүүнд таалагдах нь энэ тэргүүний шалгуур байж мэдэх гэнэ. Учир нь тэрбээр УИХ-ын гишүүн болж, Улаанбаатар төмөр замын даргын сэнтийгээс буусан ч өөрийн хүсэл сонирхлыг өөрийн байгуулсан вант улсаас холтгох тун дургүйд буй аж.
Тэрбээр бүхэл бүтэн 13 жилийн турш Улаанбаатар төмөр замыг удирдахдаа төрсөн нутаг болох Дундговь аймгийн сум бүрийн төлөөллийг төмөрзамчин болгож чадсан нэгэн.

Ингэхдээ эрх мэдэл бүхий даргын албыг ч хэлтэс, өртөө юутай нь өгсөн гэдгийг Улаанбаатар төмөр замын халуун ам бүлд нутаг усны тодруулга хийгээд үзэхэд бэлхнээ гаргаад ирэх боломжтой. Иймээс ч УИХ-д нэр дэвших бүрт нь Улаанбаатар төмөр замын дарга нар Дундговиос салахаа байдаг нь аргагүй биз.
Гол нь түүний энэ сонирхол цаг үргэлж амь бөхтэй байдгийн зэрэгцээ В.Отгондэмбэрэлийг хэнээр солих вэ гэдэг Засгийн газрын шийдвэрт ч нөлөөлөх оролдлого урьдаас хийж эхэлсэн байна. Ядахад саяхан буюу наадмын үеэр Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албанаас нэг өдөр бүх чиглэлийн галт тэрэгний үйлчилгээг зогсоох замаар Эрдэнэт-Дарханы чиглэлийн төмөр замыг зассан нь В.Отгондэмбэрэлийг улируулан сонгох боломжийг хааж буй гэнэ. Мөн удаа дараа иргэд галт тэргэнд дайруулан нас барах болсон нь удирдлагын зохион байгуулалт хийгээд хариуцлагатай холбоотой гэдгийг ч Р.Раш гишүүн зарим нэг хүн рүү ажилд нь үлдээж болохгүй хүчин зүйл хэмээн тайлбарлах болж. Дээр нь В.Отгондэмбэрэл даргыг ажил авсан цагаасаа Улаанбаатар төмөр замын орлого ашгийг нэмэхийн төлөө нэг ч дорвитой эдийн засгийн шинэчлэл хийгээгүй гэдгийг нь  дайран дээр нь давс болгон цацсаар зуны амралтаа өнгөрүүлэхээр шийдсэн бололтой.

Тэгвэл Улаанбаатар төмөр замыг вант улс болтол нь өөрийнхөө удирдлагад зангидаж, өөрийн эрхшээлд атгаж чадсан түүний санал болгож буй шинэ дарга хэн бэ. Мэдээж тэр хүн Р.Раш гишүүний сэтгэл ханамжийн төлөө дээд зэргээр үйлчилж ирсний зэрэгцээ энэ насандаа л түүний ач тусыг мартахгүй хариулж явах нэгэн байх нь тодорхой. Товчхондоо тэр хүн бол Л.Халтар.

Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй тэрбээр өдгөө Улаанбаатар төмөр замын Аж ахуй эрхэлсэн орлогч даргаар ажилладаг. Тус байгууллагын Олон улсын тээвэр зуучийн төвийг анх байгуулж, удирдаж ирсэн түүнийг сайн удирдагч гэх нь бий ч Р.Рашийн дэмжлэгээр өнөөдрийг хүртэл өгссөн гэдгийг нь Улаанбаатар төмөр замынхан андахгүй. Үүгээр ч зогсохгүй В.Отгондэмбэрэлийг томилох тэр үед ч Лувсангийн Халтарын нэр хамгийн идэвхтэй яригдаж байсан ч хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн будилаан гаргасан гэдгээр шалгагдаж байсан юм. Гэсэн ч их удалгүй түүнийг ямар нэгэн гэм буруугүй хэмээх дүгнэлт олноо тарснаар Улаанбаатар төмөр замын Аж ахуй эрхэлсэн орлогч даргын албанд суух нь тэр. Үүнд ч Р.Раш даргын нэр нөлөөний хүч байсан нь тодорхой.
Харин өдгөө тэрбээр нутгийн дүүдээ орлогч даргын суудал багадаад байгааг ойлгож мэдэрсэндээ санаа зовж эхэлсэн нь энэ. В.Отгондэмбэрэлийг МАХН-ын удирдлага албанд нь томилохоос татгалзаж буйтай зэрэгцээд Р.Раш, Л.Халтар хоёрын сонирхол дахин өндөлзөж эхэлснийг намынх нь удирдлага ч тун нааштай хүлээн авч буй гэх. Гол нь тэдний Улаанбаатар төмөр замын даргын төлөөх суудал одоо цагаас эхлэлтэй биш юм. Учир нь, тэд өмнө нь ОХУ-аас томилогдсон Улаанбаатар төмөр замын дарга Магдай агсныг нас барахтай зэрэгцэн өөрсдийн сонирхлыг илэрхийлж эхэлсэн байдаг. Даргын асуудал шийдэгдэх тухайн цаг үед ямагт л ашиг сонирхол нэгтэй гэдгээрээ дулдуйдаж Л.Халтар хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байж чадсан. Мэдээж Л.Халтарын талаар санхүүгийн ашиг сонирхлоос үүдэлтэй маргаан дэгдээгүй бол тэрбээр Р.Рашийг залгасан урт удаан хугацааны Улаанбаатар төмөр замын дарга болох эхлэлээ тэр үед тавьж чадах байсан биз ээ.
Үүнд нь  Р.Раш гишүүнийг жин­хэнэ төрийн хүн хэмээн өргөмжилдөг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй МАХН-ын лидер ч хүчин зүтгэж байгаа. Гагцхүү Р.Рашийн Улаанбаатарыг тойрсон сонирхол нь хаа хүртэл үргэлжилж, Халтар дүүгээ дарга болгож чадах эсэхийг та бидэнд цаг хугацаа харуулах нь тодорхой. Гэсэн ч нэг хүний хүсэл сонирхол ийм удаан хугацаанд Орос, Монголгүй хил алгасан хаанчилж байгаа нь Монголын улс төр хийгээд эдийн засаг, төрийн өмчит томоохон байгууллагын төлөөх тулаан юуны төлөө өрнөдгийг та бидэнд баталж, нотолсоор байх ажээ.
Үүгээр ч зогсохгүй тэрбээр өөрийн хүнийг Улаанбаатар төмөр замын даргаар томилуулахын тулд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга руу ширүүхэн үг чулуудаж, Л.Халтараас өөр энэ ажлыг хийж чадах хүн байхгүй гэх ташуур өгч буй сураг дуулдсан. Энэ бол Р.Раш даргын хийж ирсэн, хийж чадсаар байх хамгийн сурмаг ажил байж болох. Гэвч үүний цаана Улаанбаатар төмөр зам Монголын эрх ашгийн төлөө ажилладаг уу, Р.Раш гишүүний төлөө хөдөлдөг үү гэдгийг эцэслэн тогтоох, эцсийн үүргийг нь тодруулах эрх мэдэлтэн олдохгүй байгаа нь манай улсын эмгэнэл болон хувирч мэдэх юм.

Г.Отгонжаргал. Улстөрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж