“Матрёшка”-г монголчууд дуурайж чадах уу

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

“Матрёшка”-г монголчууд дуурайж чадах уу

“Матрёшка”-г монголчууд дуурайж чадах уу
“Кремльд найтаахад саарал ордонд
ханиад хүрдэг” гэж социализмын үеийн улстөрчид хошигнодог байв. Нийгэм
солигдсон ч халдвар арилаагүй л байна. Гэхдээ байр нь солигдож Монголд
найтаахад ОХУ-д ханиадаг болсон байж мэднэ.
Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев Засгийн газрын тэргүүнээ олон
нийтийн өмнө анх удаа “чимхээд” авчээ. Тэрбээр “В.Путины Засгийн газрыг
сүүлийн долоон сар хумсын чинээ ч зүйл хийгээгүй” хэмээн уурссан аж.
Өөрийн хөтөлж гаргаж ирсэн хүндээ урам хугарсан, чамласан өнгө аясыг анх
удаа олон нийтийн өмнө харуулсан нь яах аргагүй анхаарал татав. Мөн
саяхан “Петербургская политика” сангаас хамгийн их хэл ам гаргадаг
байгууллагуудыг жагсаахад Дотоод хэргийн яам, Тээврийн болон Холбооны
яам тус тус тэргүүлсэн нь мөн л В.Путины нэр хүнд хийгээд ажлын
үзүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн нь дамжиггүй.

Тиймээс уг судалгааны байгууллагын дүгнэлт захиалгатай эсэхэд ч эргэлзэж
буй хүн цөөнгүй байгаа ажээ.

Харин үүнээс хавьгүй өмнө манай гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр
халааснаасаа төрүүлсэн С.Баяр анд руугаа чулуу шидэж эхэлсэн юм.
Магадгүй, С.Баярын хоёрдогч нутгийнхан үүнээс “идеа” авч, нэгнийгээ
хэмлэж эхэлсэн нь ч энэ байж мэднэ. Уг нь Монголын улс төрийн хамгийн
том хүчний хоёр лидер улс орноо хөгжүүлэх, улс төрд ноёрхох их ажилд гар
сэтгэл нийлэн зүтгэж явсан нь саяхан. Харин эдүгээ хоёулаа “Хэн ч биш”
болчихоод зөрүү харан суух болсон. Олон нийтэд сайхан харагдахгүй ч
өрсөлдөгчдөд нь бол тун зугаатай байгаа байх.

Н.Энхбаярын С.Баярыг буруутгах болсон шалтгаан нь тун өчүүхэн. “Намайг
нам сонгуульд дэмжсэнгүй” гэдгээс эхэлсэн. Ухаалаг оросууд ийм онигооны
шалтаг хэзээ ч гаргахгүй л дээ. Тиймээс Н.Энхбаярын алдааг засаад
“Хумсын чинээ ч ажил хийсэнгүй” хэмээв. Ажил ярьдаг, ард нь хороо нууж
сурсан том улстөрчид ийм л байдаг аж.

Бас нэгэн жишээ. Шадар сайд М.Энхболд хотын дарга байхдаа Н.Энхбаярын
төлөө  ёстой л “Тамирын голын мөсийг долоох шахан” зүтгэж байсныг олон
хүн мэднэ. XXIV Их хурал дээр М.Энхболд, С.Баяр нарыг дэвшүүлнэ гэж
байсан. Гэтэл Н.Энхбаяр М.Энхболдыг дэвшүүлээд гаргачихсан гэдэг. Яг л
ОХУ-ын ерөнхийлөгч асан Б.Ельцин В.Путиныг сонгуулиас гурван сарын өмнө
хөтөлж гарч ирсэн шиг. Гэхдээ  Б.Ельцин В.Путинд өгсөн нь тус орны
задрал бутралын хүнд цаг үед зөв алхам  болсон. Мэдээж одоо хэр нь
“Б.Ельциний болон В.Путины” хүмүүс гэж талцсан хоёр том арми Оросын улс
төрийн фронтод цусгүй дайтаж яваа. Манайд ч мөн адил. Тухайн үед
Н.Энхбаяр М.Энхболдыг С.Баяраас хол явах ирээдүйтэй улстөрч гэж дүгнэж
“өргөөгүй” нь лав. Харин С.Баяр шиг хурц, хянуур фигур түүнд хэрэггүй
байв. М.Энхболд өөрийнх нь үгээр явах утсан хүүхэлдэй болох чадвараараа л
С.Баяраас илүү байсан хэрэг. Гэтэл дараагийн сонгууль болж, нам унаж
мэдэхээр болоод явчихсан. Үүнд С.Баярыг ашиглах хэрэгтэй болов. Ингээд
“хүүгээ татаж бэрсээ түлхлээ”. М.Энхболдыг огцруулахад МАХН даргыгаа
ямар замаар, яаж хавсайдан зайлуулж чаддагаа харуулсан юм. Тухайн үед
“Засгийн газар тааруу ажиллаж байна”, “МАХН дотоод ардчилалгүй байна”,
“Энэ хэвээрээ байвал 2008 оны сонгуульд ялагдаж мэднэ” гэсэн шуурга
дэгдэж эхэлсний дийлэнх нь ноён Н.Энхбаярын зүгээс салхилж байсныг
М.Энхболд мэдсээр бай­сан хэр нь яаж ч чадаагүй . Аргагүй шүү дээ,
“Салхины өөдөөс нулимж болдоггүй” гэдэг. Ийнхүү өөрийг нь хөтөлж гаргаж
ирсэн хүмүүсийн шидсэн чулууг яаж ч буцаах арга мухарддагийг дээрх
хүмүүс харуулсан. “Хөтлөгч” тэдэнт адил хайр, хал үзүүлсэн. Хоёулаа
МАХН-ын дарга, Ерөнхий сайд байсны хувьд тэд зовлон нэгтэй билээ.

Одоо гол дүрд мөнөөх жижиг гэгдэж байсан М.Энхболд л “том” үлдэж дээ.
Зовлон дээрээ суралцаж яваа тэрбээр уламжлалт жишгээр улстөрд амжилттай
тоглож буй. Сонгуулийн мөчлөг дундаа орсон энэ цаг үед өөрийн хөтөлсөн
ганц хүн болох Хотын мэр Г.Мөнхбаярыг хэзээ хөдөлгөхөө шийдэж ядан
жуумалзаж байна. Түүнчлэн төрийн байгууллагууд, тэр тусмаа Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлагууд, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд байдаг
газруудын удирдлагаар тоглоход  л түүнд хангалттай. Өөрөөр хэлбэл
өндөрлөгт гарч хүрэлцэхүйц шат болж өгнө. Хөршийн жишээнээс дахин
дурьдахад мужийн захирагч нараас хамгийн их хэл ам таталдаг дуулианы
баатруудаар монголчуудын хуучин танил Москвагийн мэр Юрий Лужков,
Москва мужийн захирагч Борис Громов нар тэргүүлжээ. Энэ бол тэднийг
хөдөлгөхөд чамлахааргүй үндэслэл. Уг судалгааг мөн л “Петербургская
политика” сангаас хийсэн  байгаа юм. М.Энхболдын хувьд одоохондоо үер
ус, гамшиг гээд ажлын мууг хийж, зарц мэт харагдаж буй түүний имиж,
албан тушаалд нь ахиц гаргах магадлал өндөртэй билээ.

Олон жилийн түүхтэй удирдагчдын энэ хорыг мэдсээр байж хойч үе нь
дуралдаг. Гэвч хорын ерөндөгийг одоогоор бодож олоогүй л байна.
Тухайлбал С.Баяр өвчний учир өөрийн хүсэлтээр намын дарга, Ерөнхий
сайдын албаа өгөхдөө С.Батболдыг сонгосон. Уг нь С.Батболд С.Баярын биш
Н.Энхбаярын хүн байсан удаатай. Гэвч Н.Энхбаярыг чулуу шидэхээс өмнө үйл
явдал өрнөсөн болохоор өөр сонголт хийхийг хүсээгүй биз ээ. Сүүлийн 10
гаруй жил МАХН-ыг дагаж гүйсний хувьд “кино хэрхэн төгсөхийг” С.Батболд
хангалттай үзсэн болохоор сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа нь лавтай. Үе үе
сайд нарынх нь асуудлыг хөндөж үзээд байгаагийн цаана хэн байгаа нь ч
ойлгомжтой юм.

Түүнчлэн гэсэн сайн, муугийн холимог имижтэй хамтарсан Засгийн газар
УИХ-ын 2012 оны сонгууль, түүнээс цааш мөнх наслахгүй нь тодорхой учраас
эрт, орой хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгчийн зүгээс ч, намын лидерүүд,
өөрийг нь өлгийдөгчдийн зүгээс ч чулуу шидэж л таарна. Магадгүй,
одооноос зэхэж буй гэнэтийн бэлгүүд ч байгаа л байх. Мөн жам ёсоор
С.Батболдын албыг авах дүү нар ч бужигнаад горьгүй. Хэрвээ С.Батболд улс
төрд чангарч, Д.А.Медведев шиг хүчээ авах аваас тэр цагт С.Баяр “бэрсээ
татаж, хүүгээ түлхэх” нь тодорхой. Тэр нь Эрдэс баялаг, эрчим хүчний
сайд Д.Зоригт ч байж мэдэх юм. Сайн улстөрч төрүүлж болох ч өөрөөсөө
илүүг хүсдэггүй улс төрийн зарчим ийм юм хойно.

У.Оргилмаа Тоймч

Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж