Д.Дамба-Очир: Эхлээд иргэддээ хувьцаа олгоно

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир: Эхлээд иргэддээ хувьцаа олгоно

Д.Дамба-Очир: Эхлээд иргэддээ хувьцаа олгоно
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-УИХ-аас Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг үндсэнд нь баталж, дэлхийд ийм арга замаар ашиглана гэдэг аргачлалыг дэлгэлээ. Гэхдээ УИХ дээр асуудал олонхийн зарчмаар шийдэгдсэн ч цөөнхийн зүгээс “Тавантолгойг Хятадын талд бэлэглэсэн төсөл боллоо” гэх шүүмжлэл өрнүүлж байна. Та тэдний дүгнэлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Тавантолгойн орд 100 хувь Монголын  ард  түмний өмч байна. Ашигт малтмалын тухай хуульд    төрийн  хөрөнгөөр хайгуул судалгаа  хийж илрүүлсэн стратегийн ач холбогдол бүхий ордын 50 хүртэлх хувь нь Монголын төрийн мэдэлд байна гэсэн заалт байгаа. Төр гэдэг ард түмний төлөөлөл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуульд 50 хүртэлх хувийг нь төр эзэмшинэ гэж заасныг Засгийн газраас 100 хувь төрийн мэдэлд байлгах хувилбар оруулж ирсэн. Мөн Тавантолгойн ордын 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараахын зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгж байгууллагыг том, жижиг гэж ялгалгүй 10 хувиас нь хувьцаа эзэмших боломж олгож байгаа. Харин үлдсэн 30 хувийг нь дотоод, гадаадын хөрөнгийн биржээр борлуулах замаар хөрөнгө оруулалт олно. Ингэхдээ тухайн хөрөнгө оруулагч дотоод, гадаадад байх нь хамаагүй зөвхөн олон улсын хөрөнгийн биржээс хэрхэн хувьцаа худалдаж авдаг тэр зарчмаар л Тавантолгойгоос хувь эзэмших юм.

Гэтэл манайхны дунд Хонконгийн биржээр борлуулахаар хятадууд Тавантолгойг эзэмшинэ, ер нь хөрөнгийн биржээр хувьцааг нь борлуулах юм бол Монголд юм үлдэхгүй нь гэх хардлага дэгдээд байгаа. Хүн бүрт хардаж, шүүмжлэх эрх бий. Гэхдээ асуудлыг мэдэхгүйдээ хардаж байна уу, аль эсвэл мэдээд санаатай хардаж иргэдийн итгэлээр тоглож байна уу гэдгийг бодож, тунгаах хэрэгтэй. Энэ олон санаатай, санаатай бус нь мэдэгдэхгүй хардалтууд нь хүмүүст буруу ойлголт өгч, төслийг удаашруулах нөхцөл байдалд хүргэж мэдэх юм.

-Гол нь УИХ-ын гишүүнийхээ хувьд хятадуудаас Тавантолгойг хамгаалах боломжтой гэж үзэж байгаа хэмээн ойлгож болох уу?

-Дотоод, гадаад гээд дэлхийн аль ч орны хөрөнгийн бирж дээр Тавантолгойн 30 хувийг гаргалаа гэхэд бүгдийг нь хятадууд авахгүй. Тийм боломж бололцоо ч байхгүй. Наад зах нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаг, тэдний олон талт сонирхлыг нэгтгэдэг Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгодог жишиг нь ч олон улсын дүрэм журмын дагуу л явна. Харин үлдсэн 50 хувийн хувьцаа нь цэвэр төрийн мэдэлд байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Мөн Монголын ард түмэн нэгэнт хувьцаа эзэмшигч болох учраас Тавантолгойн ашиглалт, борлуулалт гээд бүхий л үйл явцад хяналт тавих эрхтэй байх юм. Түүнчлэн дэд бүтэц, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах, эрчим хүчний уурхайн үйлдвэр байгуулах зэрэг олон асуудлыг шийдэх шаардлага тулгарч байгаа. Үүнд хөрөнгө оруулалт шаардлагатай учир төрөөс нэмж хувьцаа гаргахыг байг гэхгүй шүү дээ. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар болон УИХ дээр дахин ярьж, ард иргэдийн саналыг сонсч байж шийдэх хэрэгтэй болов уу. Магадгүй дахиад хувьцаа гаргана гэхээр нөгөө 50 хувийн эзэмшлээс хорогдож, Тавантолгойгоос эзэмших Монголын хувь хэмжээ буурна гэж ойлгож болохгүй. Лиценз нь 100 хувь төрийн мэдэлд байдгаараа байна.

-Гэхдээ УИХ дахь МАХН-ын бүлэг сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд уг гэрээний төслийг хаврын чуулганаар яаран сандран шийдчихэж байгаа юм биш үү. Үгүй ядах нь ээ л наадмыг далимдуулсан нь ямар нэг асуудалтай болоод нууж байна гэсэн хардлага дагуулаад байгаа шүү дээ?

-Миний мэдэхийн Тавантолгойн ордыг ашиглах тухай асуудлыг тав, зургаан жил ярьсан. Бид ингэж удаан хий хоосон ярьж, хоорондоо хэрүүл тэмцэл хийлээ гээд юу ч хожихгүй. Хүмүүсийн амьдрал хүнд байна. Монголчууд гурав, дөрвөн үеэрээ идэх хэмжээний ийм баялгийг яагаад өнөөдрийн Монгол Улсын иргэд хүртэж болохгүй гэж. Хүмүүсийн амьдралыг өөд нь татах шаардлага бидэнд бий. Эрдэнэт үйлдвэр л гэхэд улсын төсвийн 40-50 хувийг бүрдүүлж байна. Тэгэхэд Оюутолгой болон Тавантолгойн орд Эрдэнэтээс гурав, дөрөв дахин том орд. Эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж ард түмний амьдралыг өөд нь татах тухай ярих хэрэгтэй. Хий хоосон л сайхан зүйл яриад байгаа болохоос биш түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө, мөнгө нь хаана байна. Зөвхөн энэ хоёр орд ч бус дараа дараагийн олон орд шийдвэрээ хүлээгээд зогсонги байдалтай байгаа. Шийдвэрийг нь хурдан гаргаж, эргэлтэд оруулах шаардлага байна. Би хувьдаа энэ УИХ-ыг Оюутолгой, Тавантолгойн төслийг хэлэлцэж, баталсан нь том гавъяа гэж ойлгож байгаа. Ямарваа нэг зүйлд шүүмжлэл ирэх нь ойлгомжтой. Шүүмжлэлээс айгаад байвал юу ч хийж чадахгүй. Тиймээс Тавантолгойг яаран шийдсэн гэж бодохгүй байна. УИХ-ын зарим гишүүн Тавантолгойн гэрээний төслийг ямар хурдан оруулж ирж байна гэж надаас асууж байсан. Ажлын хэсэг байгуулагдаад хоёр сар гаруйн хугацаанд уг гэрээний төсөл дээр ажилласан. Өнгөрсөн тавдугаар сарын 27-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ хугацаанд их хүнд процессиуд явагдсан л даа. АН-ынхан, МАХН-ын гишүүд нэг санал хэлнэ, “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийнхэн дарамтална. Мөн төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, эрдэмтэд гээд олон талын санал орж ирэхээр төвөгтэй зүйлүүд их гарч байсан. Гэхдээ хүндрэлтэй байсан гээд бид орхиогүй. Зарим нэг хэрэгжүүлж болох боломжийн саналыг нь хүлээн авч гэрээнд тусгасан. Томоохон ордын тухай ярьж байгаа энэ үед манай улс парламентын тогтолцоотой байгаа нь сайн хэрэг гэж бодсон. Иймээс ч Монгол Улс Африк болон бусад орнууд шиг хамгийн муу жишээ болохгүйгээр хөгжилд хүрэх боломжтой нь харагдаж байгаа юм. Нэг ёсондоо томоохон баялаг илрээд ирэхээр тухайн улс нэг бол их сайн хөгждөг, эсвэл бүр балрах хоёр жишиг дэлхийд байдаг. УИХ-ын гишүүдийн хувьд уг гэрээний төслийг Эдийн засгийн байнгын хороогоор гурван удаа хэлэлцэж, чуулганаар ч тэр тооны олон удаа ярилцсан. Зүгээр нэг хурдан батлах ёстой гээд хурдлуулаад гүйсэн зүйл байхгүй. Тэр хэлэлцүүлэг бүрт өөр хоорондоо маш их мэтгэлцэж, маргаж байж шийдвэр гаргасан. Төслийн агуулга нь өөрөө их өргөн, Монгол Улсын хөгжлийн үндэс байх учиртай их том агууламжтай учир олон талаас нь сайн ярихгүй бол болохгүй. Ажлын хэсэг ахалсан хүний хувьд би АН, МАХН болон гишүүдийн саналыг хүлээн авч сонссон. Би хувьдаа уг гэрээний төслийг эхлүүлчих юмсан гэсэн бодолтой л байсан.

-Гэрээний төслийг батлахдаа олон нийт болон эрдэмтдийн саналыг сонссон гэсэн. Тэдний ямар санал нь энэ төсөлд багтсан юм бэ?

-Би өөрөө уул уурхайн салбарт олон жил ажилласан. Тэр хэрээрээ ч уул уурхайн салбарын мэргэжилтнүүдтэй холбоотой байдаг. Тэдний туршлага, мэдлэгийг анхаарч сонсох нь УИХ-ын гишүүний үүрэг гэж боддог. Манай салбарын эрдэмтэд олон чухал санал дэвшүүлж байсан. Тэд төслийг УИХ-д өргөн барихаас өмнө Засгийн газрын ажлын хэсэгт ажилласан. Ингэхдээ ордыг цаашид хэрхэн ашиглах, ямар хүчин чадлаар ашиглах вэ гэх мэт олон чухал асуудалд өөрсдийн саналыг тусгасан байгаа. Мөн ордыг хоёр хуваах байсныг нэг багцаар ашиглах хувилбараа дэмжүүлсэн. Үүний зэрэгцээ Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн саналыг ч мөн авсан.

-Үндэсний компаниуд 10 хувийн хувьцаа эзэмших боломжтой байгаа. Тэдний дунд тодорхой шалгуур тавих уу?

-Ирэх намраас олборлолтод оролцох оператор компанийг сонгон шалгаруулна. Ингэхдээ гэрээг УИХ батлахаар заасан. Тэр үед операторын ажилд Монголын компани хамтарч оролцох боломж бий. Монголын компаниудад 10 хувь өгнө гэдэг нь Тавантолгойн нийт талбайгаас 10 хувийг өгч байгаа гэсэн үг. Тэр бол хувьцаа эзэмших л асуудал. Дотоодын компаниуд оператор компаниудтай хамтарч өөрсдийн хувилбарыг санал болгохыг бид нээлттэй болгосон. Компаниуд жижиг, том гэлтгүй адил хэмжээний хувьцаа эзэмших бүрэн боломжтой. Эхний үнэлэгдсэн үнэ буюу эхлэлтийн үнэ нь олборлолтоо хийгээд эхлэхээр цаашдаа өсч эхэлнэ. Хувьцааны үнэ өсөхөөр ноогдол ашиг ч нэмэгдэх юм. Тиймээс компаниуд ноогдол ашгаа аваад, Тавантолгойн ордын ашиглалтад хяналт тавиад явах бүрэн боломжтой.

-Иргэдэд хувьцаа эзэм­шүүллээ гэхэд шинээр төрөх иргэдэд хувьцаа эзэмшүүлэх үү. Зөвхөн одоогийн 2.7 сая иргэнд хувьцаа эзэмшүүлэх үү. Мөн эцэг эхийнхээ нэр дээр байсан хувьцааг цаашид үе дамжин өвлөх үү гээд иргэдийн хувьцаатай холбоотой олон ойлгомжгүй асуудал бий?

-Одоо байгаа бүх хүмүүст хувьцаа олгоно. Ард иргэд ч гэсэн мөн адил ноогдол ашгаа аваад явна. Гэхдээ ард түмний хувьд байгууллагын үйл ажиллагаа, менежментэд нь оролцох саналын эрхгүй. Харин ноогдол ашгийнхаа хувьцааг авах давуу эрхийн хувьцаа эзэмших эрхтэй юм. Шинээр төрж байгаа болон нас барсан иргэдийн хувьцааны тухайд Засгийн газар шийднэ. Олон улс үүнийг хэрхэн шийддэг талаар дүрэм, журам байдаг юм билээ. Тиймээс олон улсын жишиг, журмыг харж байгаад хамгийн боломжтой гэсэн хувилбарыг хэлэлцээд саналаа оруулж ирэх хэрэгтэй. Хэрэв шинээр төрсөн хүмүүст олгохоор болбол дахиж хувьцаа гаргах уу, нас барсан хүмүүсийн хувьцааг хураагаад авах уу гэх мэт олон асуудал бий. Тиймээс үүнийг Засгийн газар боловсруулж оруулж ирнэ. Эхний ээлжинд ямар ч байсан 2.7 сая гаруй хүндээ олгоно.

-Хөрөнгө оруулах санал ирүүлсэн компаниудын тухайд. Эдгээр компаниуд ямар болзол хангасан байх ёстой вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт гэдэгт оператор компаниуд орж байгаа юм. Эдгээр компаниуд нь өөрийнхөө тоног төхөөрөмж, боловсон хүчинтэй орж ирэх замаар Тавантолгойд үйл ажиллагаагаа явуулна. Монголын компаниудтай хамтарч болно. Дотоодын компаниуд хамтарч ажиллаад, туршлага судлаад цаашдаа гадны компаниудыг орлох хэмжээнд очвол оператор компаниудыг гаргах хэрэгтэй. Ер нь гадны компанийг богино хугацаанд ажиллуулах, дотоодын компаниудаа юун түрүүнд өсч өндийлгөх шаардлагатай байна. Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордыг ашиглах хугацаанд Монголд уул уурхайн том компаниудыг бий болгох ажлыг өрнүүлэх шаардлагатай. Ийм компани байгуулах нь манай улсын цаашдын хөгжилд ч хэрэгтэй. Хөрөнгө оруулах сонирхолтой олон улсын 11 компани өргөдлөө өгсөн. Эдгээр компаниуд нэг консорциум болдог ч юм уу, аль эсвэл нэг оператор компани болж орж ирнэ гэж бодож байгаа. Уг компани нь өөрсдөө хөрөнгө мөнгөө гарган үйлдвэрлэлээ явуулаад толгой компани болох “Эрдэнэс-Тавантолгой” компанид тодорхой хэмжээний өртөг нэмэн зарах нэг хувилбар бий. Эсвэл оператор компани нь давхар борлуулалт хийж, “Эрдэнэс-Тавантолгой” компанид мөнгө өгдөг ч юм уу. Ямар ч хувилбар байж болно. Үндсэндээ УИХ-аас зөвшөөрлийг нь өгчихлөө. Одоо хэлэлцээр хийгээд намрын чуулганд оруулж ирэх л үлдлээ. Хугацаа ер нь бага байгаа.

-Уг “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хэрхэн байгуулах вэ. Мөн тус компанийн томилгооны тухайд?

-Томилгооны асуудлыг Засгийн газар шийднэ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийг удахгүй байгуулна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон  “Эрдэнэс МГЛ” компанийн оролцоотой шийднэ байх. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд гадаадын компанитай хамтрахгүй. Гадаадын компани гэвэл зөвхөн оператор компанийн асуудал л яригдана. Оператор компани хувьцаанаас эзэмшихгүй. Өөрсдийнхөө техник технологи, боловсон хүчнийг оруулж ирэн олборлох л үүрэгтэй компани байна. Уг төслийг эхлүүлснээр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани болох “Эрдэнэс-Тавантолгой” компанийг байгуулснаар ажил үндсэндээ эхэлнэ. “Эрдэнэс МГЛ” компанийг байгуулаад одоо гурван жил болж байна. Гэтэл нэг ч ажил хийгээгүй гэхэд болно. Учир нь УИХ-аас зөвшөөрөл өгч, шийдвэрийг нь гаргаж өгөхгүй, хэрэлдээд суугаад байгаа шүү дээ. Ухаахудаг болон жижиг Тавантолгойг эзэмшдэг хувийн жижиг компаниуд нь нүүрсээ зөөгөөд болоод байдаг. Харин төрийн өмчит компани нь нүүрсээ зөөж, борлуулж чадахгүй байгаа нь дэндүү харамсалтай.

-Тавантолгойн ТЭЗҮ-ийн та­лаар тодорхой мэдээлэл байх­гүй байгаа. Ийм бүдэг бадаг мэдээллийн дараа Тавантолгойг ашиглаж эхэллээ гэхэд Оюу­толгойн ТЭЗҮ-тэй адил бөөн маргаан дэгдээж мэдэх юм биш үү?

-Тийм ээ, Тавантолгой бол ийм үнэ цэнэтэй уурхай, нэг хүнд ноогдох хувьцаа нь тэдэн төгрөг байна гэх мэт тоог яаралтай, нарийвчилсан байдлаар гаргах хэрэгтэй байгаа. Ингэвэл ард түмэнд илүү ойлгомжтой болно. Гэтэл өнөөдрийн байдлаар эзэмших гэж буй хувьцаа болон орд нь ямар үнэтэйг ч мэдэхгүй зүгээр л 7-8 тэрбум доллар гэсэн тойм мэдээлэл тойроод л яриад сууж байна. Тиймээс үүнийг Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй. Анхны ТЭЗҮ-гээр нэг сая тонн нүүрс олборлох багахан хэмжээний ажил болно гэсэн төлөвлөгөө хийж байсан. Үүнийг нь ЭБЭХЯ-ны Бодлогын газар нь баталчихсан байдаг. Мөн 15 сая тонн нүүрс олборлох ТЭЗҮ-ийг бэлэн болгосноо бидэнд өгсөн байгаа.  Тэгэхээр яалт ч үгүй дээр дурьдсан тоон үзүүлэлтийг тодорхой болгох шаардлага байгаа нь үнэн л дээ.

-Тавантолгойг         Оюутол­гой­гоос өмнө ард түмэнд ашгаа өгнө гэдгийг УИХ-ын гишүүд мэдээлж байсан. Энэ баталгаа үнэхээр бо­дитой байж чадах болов уу. Та энэ талаарх бодит хариултыг  өгөхгүй юү?

-Тэгж ойлгож болно. Миний бодлоор хоёр жилийн дараагаас олборлолт хийгээд эхлэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Оюутолгойн хувьд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт болон технологи шаардсан алт, зэсийн нөөц бүхий гүний орд шүү дээ. Харин Тавантолгойн тухайд хөрс хуулалт нь бага. Зарим газраараа л 18-20 метрийн хөрс хуулалттай хийнэ гээд бодохоор хөрөнгө оруулалтын зардал, бүтээн байгуулалтад шаардагдах цаг хугацаа харьцангуй бага байх боломжтой. Иймд Оюутолгойгоос урьтаад Тавантолгой монголчуудад ашгаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Гол нь энэ орд 100 хувь төрийн мэдэлд байна гэдгээрээ хамгийн гол ач холбогдол нь оршиж байгаа гэдгийг л манайхан сайн ойлгох хэрэгтэй болов уу.

Ц.Энхцэцэг Сэтгүүлч


Улс төрийн тойм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж