
Францын өмнөд хэсгийн Памьегээс Банхэрас де Лушион хүртэл Принейн уулс дунд явагдсан уралдааны 15 дахь гараанд Францын дугуйчин Томас Воеклэр тэргүүлсэн хэдий ч бүх нийтийн анхаарал шар цамцны төлөөх өрсөлдөөнд хандаад байсан юм. Уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Люксембургийн Энди Шлек, өнгөрсөн жилийн аварга Испанийн Альберто Контадор хоёрыг ердөө 31 секунд зааглаж байсан бөгөөд тэргүүлэгчид тус гарааны сүүлчийн уул хүртэл өрсөлдсөн байна. Харамсалтай нь, Энди Шлекийн дугуйнд гэмтэл гарч Альберто Контадор өрсөлдөгчөөсөө 39 секундын өмнө долдугаарт барианд орж ирснээр шар цамцыг эзэмших болов. Испани дугуйчины нийт цаг нь 72 цаг, 50 минут, 40 секунд болсон бол Энди Шлек найман секунд алдаж, нийлбэр дүнгийн хоёрдугаарт байр руу ухарлаа.
Энэ жилийн Tour de France уралдаан өндөрлөхөд одоо тавхан гараа үлдээд байгаа бөгөөд дараачийн гараа Банхэрас де Лушионоос По хүртэл 199,5 км зайд үргэлжилнэ.