Фарнбороугийн онгоцны захиалгууд гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Фарнбороугийн онгоцны захиалгууд гарч ирлээ

“Boeing”, “Emirates”-ууд Фарнбороугийн нисэх салбарын шоуны үеэр анхны гэрээнүүдийг байгуулсан байна. 9.1 тэрбум ам.доллараар “Emirates” 30 ширхэг “Boeing” 777 загварын онгоц худалдан авахаар захиалсан байна. Өөр эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Emirates” дахин 20 онгоц захиалах бололтой. “Boeing”-ын өрсөлдөгч “Airbus” мөн АНУ-ын “Air Lease Corporation” компаниас 4.4 тэрбум ам.доллараар 51 ширхэг А320 тийрэлтэт онгоцны захиалга авсан байна.

Хоёр жил тутам болдог энэ үзэсгэлэн худадааны үеэр нисэх салбарын компаниуд чухал мэдэгдлүүд хийж, шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг юм. Өнгөрсөн сард Берлинд болсон үзэсгэлэн худалдааны үеэр 11 тэрбум ам.доллараар “Airbus A380” захиалсан “Emirates” энэ үзэсгэлэн худалдааны үеэр мөн захиалгын тоо, хэмжээгээрээ тэргүүлж магадгүй байна.

Фарнбороугийн үзэсгэлэн худалдааны үеэр хийгдээд байгаа бусад гэрээний тухайд гэвэл:
“General Electric”-ийн салбар “Capital Aviation Services” онгоц түрээслэх бизнес эрхэлдэг бөгөөд тус компани гурван тэрбум ам.доллараар 40 ширхэг “Boeing 737-800” онгоц, 4.5 тэрбум ам.доллараар 60 ширхэг “Airbus A320” онгоц худалдан авах гэрээ байгуулсан байна.

“Qatar Airways” 122 сая ам.доллараар Канадын “Bombardier” компаниас хоёр ширхэг “Global 5000”, нэг ширхэг “Challenger 605” онгоц худалдан авах захиалга өгсөн байна.

Оросын “Аэрофлот” 1.7 тэрбум ам.доллараар 11 ширхэг “Airbus A330-300s” захиалсан байна. “Rolls-Royce” мөн Оросын “Аэрофлотоос” 650 сая ам.доллараар 24 ширхэг А330-ийн моторын захиалга авсан байна.

Мөн “Airbus”-ын эцэг компани “EADS” байгуулагдсаныхаа 10 жилийн төрсөн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд өөрийн 119,000 ажилтандаа тус бүрт нь компанийнхаа 10 ширхэг хувьцааг бэлэглэх шийд гаргасан байна.

Фарнбороуд болж байгаа үзэсгэлэн худалдаанаас нисэх, батлан хамгаалах салбар хаашаа ямар чиг хандлагатай хөгжиж байгааг харж болохоор байв. Европын хамгийн том арилжааны үйлдвэрлэгч “Airbus” компани “А400М” цэргийн тээвэрлэгч онгоц танилцуулсан. Уг онгоц үйлдвэрлэгдэх хугацаанаасаа дөрвөн жилийн хойно үйлдвэрлэгдэж, төсөв нь хэдэн тэрбум ам.доллараар илүү зарцуулагдсан асуудалтай байгаа.

Европын долоон орны засгийн газар 1.5 тэрбум еврогоор нэмэлт онгоц худалдаж авахаар шийд гаргаад байгаа бөгөөд ингэснээр “Airbus” компани энэ төслөө зогсоож, алдагдалд орохоос аврах болно. Мөн хугацаанаасаа хоцорч, төсвөө хэтрүүлж үйлдвэрлэгдсэн өөр нэг онгоц “F-35 Joint Strike Fighter” бөгөөд АНУ болон НАТО-гийн найман орноос захиалга аваад байгаа ч эдийн засгийн хувьд хүнд байдалтай байна.

Фарнбороугийн агаарын шоу нээгдэхийн өмнө “Boeing” онгоц “Dreamliner 787” онгоцоо ням гаригт авчирч олныг шуугиулсан. “Dreamliner 787” чимээ шуугиан багатай, түлш бага зарцуулдаг тул ирээдүйд хэрэглэгч, зохицуулагч нарын алинд нь ч таалагдах бололтой. Харин “Airbus” үүний өрсөлдөгч “A350 XWB”-г танилцуулах болно. “Boeing”-ийн онгоцууд энэ оны сүүлээр захиалагч нар дээрээ очих бол “Airbus”-ын онгоц 2013 оноос нааш нислэг хийхгүй.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж