Фарнбороу дээр лазерын зэвсэг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Фарнбороу дээр лазерын зэвсэг танилцууллаа

АНУ-ын “Raytheon” компани Их Британийн Хемпширд болж байгаа Фарнбороугийн агаарийн шоуны үеэр онгоцны эсрэг лазер зэвсэг танилцууллаа. “Laser Close-In Weapon System” хэмээх энэхүү лазерын зэвсэглэлийн системийг дангаар нь болон өөр зэвсэгтэй хослуулан хэрэглэж болох юм байна. Тавдугаар сард уг лазерын зэвсгийг ашиглан нисгэгчгүй удирдлагатай нисдэг хэрэгслүүдийг буудаж унагах цуврал туршилтууд хийсэн байна. Бүхэл ширхэгтэй лазер зэвсэг нь 50 киловаттын чадал бүхий лазерын туяа үүсгэх чадалтай бөгөөд үүнийг нисгэгчгүй онгоц, пуужин, минимёт, бага хэмжээтэй газрын хөлгүүдийн эсрэг хэрэглэж болно гэж “Raytheon” ярьж байна.

1960-аад онд лазер анх үүсэн үеэс хойш лазерын зэвсэг бүтээх санаа гарч ирсэн. Эхний үед лазерын зэвсгүүд нь химийн урвалаас эрчим хүчээ авдаг химийн лазерууд байсан. Тэд нар нь маш том тоног төхөөрөмж шаарддаг, их хэмжээний түлш болон маш их химийн бодис хэрэглэдэг байв. Түүнчлэн тэдгээр төхөөрөмжүүдийн түлш нь ихэвчлэн хорт бодис байдаг тул тийм төхөөрөмжүүдийг ажиллуулагч операторууд нь тусгай хамгаалалтын хувцас өмсөх шаардлагатай байсан.

Харин түүнээс ялгаатай нь бүхэллэг лазер нь лазерын туяа үүсгэхийн тулд шил буюу шаазан материал ашигладаг. Үүнийг үүсгэгч төхөөрөмж нь авсаархан, илүү жижиг бөгөөд зөвхөн туяаг үүсгэхэд л шаардлагатай эрчим хүч хэрэглэдэг хэдий ч бас ч хангалттай их эрчим хүч шаардах болно. Гэхдээ саяхныг хүртэл бүхэллэг лазерууд туяаны хүчин чадлаараа химийн лазеруудыг гүйцэхгүй байсан тул цэргийн зориулалтаар ашиглах боломж багатай гэж үзэж байсан юм. Дэлхийд алдартай батлан хамгаалахын сэтгүүл “Jane’s Defense Weekly” сэтгүүлийн редактор Петер Фелстид энэ бол бүхэллэг лазерыг цэргийн зориулалтаар хэрэглэж эхлэх гараа болж байна гэж ярьсан.

“Raytheon”-ы лазерыг хүмүүст харуулахын тулд өнгө оруулж харуулж байгаа ч үнэндээ бодит байдал дээр өнгөгүй, үл үзэгдэгч гэнэ. “Тийм ээ, нисгэгчгүй нисдэг тээврийн хэрэгсэл хуяггүй, тэгээд ч хурдан нисдэггүй, гэхдээ л үүнийг шатааж унагаж байгааг видеон дээрээс харж болно. Энэ бол цэргийн лазерийн технологийн эхлэл гэж болно. Үүнийг улам сайжруулж, илүү авсаархан болгох боломжтой. Бид үүнийг АНУ-ын пуужингийн эсрэг батлан хамгаалах Phalanx системтэй холбож хэрэглэсэн. Энэ системийг АНУ болон НАТО-гийн орны армиуд далайн хөлгүүд дээр ихэвчлэн байрлуулж хэрэглэдэг” гэж “Raytheon Missile Systems”-ийн дэд ерөнхийлөгч Майк Бүүен “BBC” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж