Эршүүд охин ялалтаа бататгав

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Эршүүд охин ялалтаа бататгав

Эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн дэлхийн аварга Кастер Семенья Берлинд болсон дэлхийн аваргаас хойш хүйсийн асуудалд ороогдон, 11 сарын турш уралдаан, тэмцээнд оролцолгүй байсаар өнгөрсөн долоо хоногт их спортдоо эргэн ирсэн юм. Финляндын Лаппинранта хотод өнгөрөгч пүрэв гаригт болсон тэмцээнд түрүүлсэн тэрбээр дөрөв хоногийн дараа буюу өчигдөр мөн Финляндын Лапинлати хотод болсон уулзалт тэмцээнд оролцож, хоёр минут, 2,41 секундын амжилтаар түрүүлсэн байна. Энэ нь түүний өмнөх амжилтаас хоёр секундээр хурдан үзүүлэлт юм.
Семенья уралдааны дараа “Би өөрийнхөө амжилтад сэтгэл хангалуун байна. Хүсч байсан амжилтаа гаргаж чадлаа. Гэхдээ дараагийн удаад эхний 600 метрт илүү хурдлахыг зорьж байгаа. Харин хаана уралдахыг одоохондоо мэдэхгүй л байна. Ямартай ч нутагтаа очиж, бэлтгэл сургуулилтаа эрчимтэй үргэлжлүүлнэ” хэмээн ярьжээ.
Тэрбээр мөн ирэх аравдугаар сард Энэтхэгийн Дели хотноо болох Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадамд оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж