Аргын тооллын хоёрдугаар сарын 3 буюу шинийн нэгэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар өглөөний 08 цагт Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэх юм байна. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нартай уламжлалын дагуу золгоно.
Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж төрийн их хан хуурыг эгшиглүүлж, гарч буй төмөр туулай жилийн өнгийн засан их өргөөний жавар үргээж, төр түмэндээ тууль, магтаал хайлах аж. Мөн Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Дашчойлан хийдийн хамба лам Ч.Дамбажав нар төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд морилж, төрийн гурван өндөрлөгтэй золгон, олон түмэнд зориулан Мандал өргөнө. Үүний дараагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар хүрэлцэн ирсэн ахмадуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулснаар ёслолын үйл ажиллагаа өндөрлөх юм байна.