Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана-2010” наадмыг тэмдэглэх ажлын хүрээнд “Буриадын уламжлалт ардын гар урлалын үзэсгэлэн, уралдаан”-ыг долдугаар сарын 21-23-ны хооронд Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэнд Монгол, ОХУ-ын Чита, Эрхүү муж болон БНБУ-ын Улаан-Үд, Өвөр-Байгалийн хязгаараас урлаачид ирж оролцох ба Буриадын язгуур урлал, ахуй соёлын уламжлалыг илэрхийлсэн зурмал, зормол, баримал, сийлбэр, хайчилбар, цоолбор, уран дарханы урлаг, адууны үсийг боловсруулах урлаг, үндэсний загвартай бэлэг дурсгалын зүйл, буриад хээ, хуар, мөнгөөр хийгдсэн шилмэл гоёл чимэглэлийн иж бүрдэл, үндэсний хувцас гэх мэт бүтээлүүд дэлгэгдэн тавигдах ажээ. Энэхүү үзэсгэлэн нь Буриад хүн зоны үндэсний язгуур, өв соёл, уламжлалыг хадгалсан хирнээ орчин үеийн өнгө төрхийг илтгэсэн, уран сайхны өндөр түвшинд бүтээгдсэн, ур чадвар, гүйцэтгэл, хийц, чанар, ардын язгуур урлагийн мартагдаж, ховордсон зүйлсийг сэргээн үзүүлэхийг зорьж байгаагаараа өвөрмөц онцлог юм. Уралдааныг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж, оролцлогчдын бүтээлүүдээс шилдэг гурван байр эзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Шагналыг долдугаар сарын 23-ны 12.00 цагт тус үзэсгэлэнгийн танхимд гардуулах юм байна. Буриад зоны өв соёлтой зочлон танилцахыг хүсвэл уран зургийн галлерейг зориорой.
Г.Даша