Төсвийн нөхөөс | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Төсвийн нөхөөс
УИХ
хаврын чуулганыхаа төгсгөлд энэ оны улсын нэгдсэн төсөвт нөхөөс хийсэн
юм. Хаврын чуулганы хамгийн эхэнд хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан 2010
оны улсын нэгдсэн төсвийн тодотголыг Засгийн газар уяж чангаасаар
чуулганы хаалттай уралдан батлуулсан нь энэ. Уг нь өнгөрсөн оны сүүлээр
2010 оны улсын нэгдсэн төсвийг батлахдаа нөхөж цойлдохгүй гэсэн ам
тангараг тавьж байсан ч он гарав уу, үгүй юү тодотгол хийх шаардлага ар
араасаа гарч ирсэн. Юун түрүүнд өнгөрсөн өвлийн их зуд турхан, хахир
хавраар хөдөө аж ахуйд учирсан хохирол төсөвт тодотгол хийх гол шалтгаан
болсон ч дав даруйд төсөвт суулгах хэрэггүй баймаар элдэв янзын
нөхөөсөнд ихээхэн мөнгө зарахаар төлөвлөжээ. Санд мэнд оруулж ирсэн
болохоор Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ч, чуулганы нэгдсэн
хуралдаанаар ч эрхэм гишүүд түүнийг илээд л өнгөрсөн юм. Завсарлах гэж
яарсан гишүүдээс ядаж олигтой асуулт, санал ч гараагүй. Асар түргэн
гараас гаргасан төсвийн тодотголд юу тусгасныг авч үзье. Нэгэнт төсөв
ярьж байгаа учир цөөнгүй тоо дурдах хэрэгтэй боллоо.

Монгол
Улсын нэгдсэн төсөвт 2010 онд хоёр их наяд 427 тэрбум төгрөгийн орлого
төвлөрүүлэхээр анх баталсан байдаг. Жил бүрийн эхний улиралд төсвийн
орлого харьцангуй бага хэмжээгээр төвлөрдгийг санаж нэгдүгээр улиралд
нэгдсэн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөний 18.9 хувийг буюу 459.7
тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тооцож хуваарилжээ. Аз болж
дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ төлөвлөсөн хэмжээнээс харьцангуй
тогтвортой өндөр байсан тул төлөвлөснөөс 95.1 тэрбум төгрөгийн орлогыг
илүү төвлөрүүлсэн дүнтэй гарчээ. Энэ мэт нааштай үзүүлэлт байгаа ч нэн
даруй төсөвт нэмж суулгах шаардлага байсан уу гэж эргэлзмээр зарим
зардлыг төсөвт нэмж оруулсан байна. Тухайлбал, төрийн өндөр албан
тушаалтнуудын гадаад оронд хийх төрийн албан ёсны болон албан ажлын
айлчлалын зардал хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар Засгийн газраас
төсвийн тодотголд нэлээд мөнгө суулгахаар “хавчуулжээ”. Төсөвт мөнгө
нэмэн нэмэн байж хэрэгтэй хэрэггүй олон оронд айлчлах шаардлага байгаа ч
юм уу, үгүй ч юм уу гэж асуумаар. Гэхдээ Засгийн газар дахиад иймэрхүү
зардал нэмж төлөвлөхгүй, энэ бол сүүлийнх гэж тодотгож байгаад төсвийн
нөхөөсөнд уг асуудлыг шургуулсан байна. “Засгийн газрын нөөц сангаас
санхүүжүүлдэг айлчлалын зардлыг цаашдаа  зогсоох үүднээс Гадаад
харилцааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч,
Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад арга хэмжээний
зардалд нийт 2.4 тэрбум төгрөгийг нэмж  тусгалаа” гэж төсвийн тодотголд
дурдсан байна. Тэгсэн атлаа хүүхдийн мөнгийг Эх орны хишиг сангийн хувь
хишгээр өнгөлөн далдлаад чимээгүй өнгөрөөчихсөн гэж байгаа.

Хэрэгтэй
хэрэггүй байгууллага үүсгэн байгуулж мөнгө цохиж сурчээ, манай төр,
засгийнхан. Улсын Их Хурал, Засгийн газраас 2010 оны төсвийн тодотголд
тусгахаар шийдвэрлэсэн болон шинээр байгуулагдсан байгууллагын зайлшгүй
шаардлагатай  урсгал зардлыг нэмж тусгалаа гээд үүндээ Хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь “Монгол мал”
хөтөлбөрийн зардалд зориулж 3.8 тэрбум төгрөг, Шүүхийн шийдвэрийн дагуу
хохирогчдод олгох нөхөн олговорт зориулж ХЗДХ-ийн сайдын багцад таван
тэрбум төгрөг, Эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг нэмэгдүүлэхэд
зориулж 3,1 тэрбум төгрөгийг тус тус нэмж тооцсон байна. Хувийн малаа
төрөөр хамгаалуулдаг малчдад зориулсан хөтөлбөр, төр нь өөрөө
иргэдийнхээ өөдөөс буу шийдэм гаргаж байгаад үүсгэсэн хохиролд ийнхүү
зургаа гаруй тэрбум төгрөг нэмж тусгажээ.

Төр хамгийн их зардал,
сүйтгэлийн эзэн болохыг төсөвт хийсэн тодотголоос баримтаар харж
болохоор байна. Төрийн тусгай хамгаалалтын газрын төрийн хамгаалалтад
байдаг өндөр албан тушаалтны гадаад оронд хийсэн айлчлалыг дагалдан явах
хамгаалалтын ажилтны гадаад албан томилолтын зардлыг 60 сая төгрөгөөр
нэмэгдүүлэхээр тооцон Төрийн тусгай хамгаалалтын газрын төсвийн
тодотголын төсөлд оруулсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн
шийдвэрийн дагуу орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсантай
холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын цалингийн сан болон нийгмийн
даатгалын шимтгэлийн зардлыг 158,3 сая төгрөгөөр нэмэгдүүлжээ. Монгол
Улсын Ерөнхий сайдын захирамжаар  Төрийн өмчийн хорооны үйл ажиллагааны
стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг
шинэчлэн баталсантай холбогдуулан эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай
зардал 24,2 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгасан байна. Төрийн
зардлыг танана, хэрэггүй орон тоог хасна гэж олон жил ярьсан ч ийнхүү
төсөв батлах тоолонд шинэ шинэ орон тоо гарч, асар их зардлын сан
нэмэгдэж буй нь харагддаг болжээ. Монгол Улсын Засгийн газар 2009 оны
есдүгээр сарын 9-ний өдөр Зарим Дипломат төлөөлөгчийн газрын орон тоог
нэмэгдүүлэх тухай 273 дугаар тогтоол гаргажээ.Түүний дагуу Дипломат
төлөөлөгчдын газрын Бээжин, Берлин, Парис, Москва, Вена, Прага, Софи,
Сөүл, Пхеньянд Монголоос суугаа элчин сайдын яамдад нэмэгдсэн дипломат
ажилтнуудын байрны зардал, эрүүл мэндийн даатгалын зардалд 93 сая
төгрөгийг нэмж тусгахаар тооцжээ. Үүнээс байрны түрээсийн зардалд 53 сая
төгрөг, эрүүл мэндийн даатгалын зардалд 40 сая төгрөгийг тооцсон байна.

Монгол
орон ашигт малтмалын үүцээ дэлгэсэн биш гарах гарлага нэмэгдэх бас нэг
шалтгаан болжээ. “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай”
Засгийн газрын 2010 оны зургадугаар тогтоолоор Өмнөговь аймагт Засгийн
газрын бүрэн эрхт төлөөлөгч ажиллах болсон. Тэр төлөөлөгчийн ажлын
албаны  үйл ажиллагааны урсгал зардал болох 99.2 сая төгрөгийг төсвийн
тодотголын төсөлд тусгажээ. Төсвийн нөхөөс хийснээр Монгол Улсын төсвийн
нийт орлого 339,8 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 464,9 тэрбум төгрөгөөр
нэмэгдэж улсын төсвийн тэнцэл 125,1 тэрбум төгрөгөөр муудах тооцоо
гарчээ. Ингээд улсын төсвийн нийт алдагдал 277,9 тэрбум төгрөг болж,
дотоодын нийт бүтээгдэхүүний 3,9 хувьд хүрэхээр болсон байна. Энэ
алдагдлын цоорхойг дараагийн төсөвт цоорхой үүсгэх замаар бөглөнө. Хойд
хормойгоо авч урд хормойгоо нөхөхийн үлгэрийг жил жилийн төсөв, түүнд
оруулдаг тодотголоор харуулах юм даа.

Д.ОЮУНЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж