“Дуулиан-2020” Монголын хамгийн баян тэмцээн

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

“Дуулиан-2020” Монголын хамгийн баян тэмцээн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан-2020” тэмцээний 2010/2011 оны улирлын тоглолтууд үргэлжилж байна. Хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг тэмцээн өнгөрсөн дөрвөн жилийн турш ерөнхий ивээн тэтгэгчгүй явж ирсэн. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн спортод хөгжил дэвшлийг авчирсан тэмцээнийг энэ улиралд “Рио Тинто” групп 100 мянган ам.доллараар ивээн тэтгэхээр болсон юм. Ингэснээр “Дуулиан-2020” манайдаа хамгийн өндөр төсөвтэй тэмцээнээр тодров.

Хамтын ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр БСШУЯ-ны байранд болж, тэмцээнийг зохион байгуулагч “Их талын дуулиан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, “Рио Тинто” группыг Монголд хариуцсан захирал Давид Паттерссон нар гарын үсэг зурав. Энэхүү бодит хөрөнгө оруулалт манай орны хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болох нь дамжиггүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх тав дахь удаагийн тэмцээнд 80 сургуулийн 240 багийн 3000 гаруй тамирчин охидын 14, 16, хөвгүүдийн 11, 13, 15, 17, оюутан насны ангилалд өрсөлдөж байна. Тэмцээний хэсгийн тоглолт өндөрлөж, шөвгийн 32-ын сугалаа болсон бөгөөд плей-оффын шат энэ сарын 5-нд эхлэх юм. “Дуулиан-2020” тэмцээний 2010/2011 оны улирлын аваргууд дөрөвдүгээр сарын 16-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж