Robbie Williams “Take That”-тай нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Robbie Williams “Take That”-тай нэгдлээ

90-ээд оны үед дэлхий нийтийг шуугиулж байсан Take That хамтлаг бүрэн утгаараа нэгдэж, яг л анх, 20 жилийн тэртээ студид хоолойгоо бичүүлж байсан шигээ тавуулаа Лондонгийн студид дахин цугласан байна. Өмнө нь 2005 онд тус хамтлагийн дөрвөн гишүүн нэгдэж, цомог гаргасан боловч соло карьераараа хамтлагийн гишүүдээсээ хамгийн өндөрт цойлон гарсан Robbie Williams одоо л хамтлагтайгаа нэгдэж байгаа юм. Ингэснээр Take That хамтлаг 15 жилийн өмнө тарснаас хойш анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж байна.

Robbie Williams энэхүү таатай мэдээллийг дуулгахын дашрамд, фенүүддээ хандан “Сэтгэл маш их хөдөлж байна. Бас бага зэрэг ичиж байна” хэмээн ичингүйрэн ярьсан бол хамтлагийн анд Mark Owen энэ үйл явдлыг “Мөрөөдөл биелэх шиг боллоо” гэжээ.

Хамтлагийн таван гишүүн бүгд шинэ цомогтоо зориулж, тус тусдаа дуу бичсэн бөгөөд Take That хамтлагийн шинэ цомог ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах юм.

Соло дуучны хувиар Robbie Британи төдийгүй дэлхийн шилдэг дуучин болж, олон шагнал хүртсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт найман цомог фенүүддээ өргөн барьжээ.

Сануулахад, Take That хамтлагийн тавуулаа байхдаа гаргасан сүүлийн цомог Nobody Else нэртэйгээр 1995 онд худалдаанд гарч байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж