Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлэв | News.MN

Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлэв
Сайхан үгээр хэлбэл хөгжлийн алтан үе бидний өмнө байна.

Өнөөдөр Төрийн ордонд нээгдсэн “Эх орныхоо хөгжилд- бидний оролцоо” сэдэвт гадаадад байгаа монголчуудын анхдугаар чуулга уулзалтад оролцож мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд  С.Батболд ийн онцоллоо. Тэрбээр “ Шилжилтийн 20 жилээс эдийн засгийн хөгжлийн 20 жил рүү хөдөлсөн буухиаг манай Засгийн газар эхлүүлээд байна.  Энэ цаг үе рүү яаж очих вэ гэдэг нь монголчууд та биднээс шалтгаална. Эдийн засгийн хөгжлийн шинэ зууныг гардан хийх аз завшаан, их хариуцлага бидний өмнө ирлээ”” хэмээн тэмдэглэсэн юм.
Өнөөдрийн байдлаар гадаадад 200 гаруй мянган монголчууд амьдарч байгаагаас энэ удаагийн чуулга уулзалтад 20 гаруй орноос 300 орчим эрдэмтэн, судлаачид, багш оюутнууд хилийн чанадаас ирж оролцож байгаа аж. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар, бас саналаа  нэмэрлэхээр ирсэн эдгээр эрхэм зочдод ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлэхдээ урт цаас харж ярьсангүй.   Энгийн, илэн далангүй яриа өрнүүллээ. Өнгөрсөн Засгийн газрын үед түүнийг гадаад харилцааны сайд байх үед хилийн чанадад амьдарч буй монгол улсын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөл анх байгуулагдаж  байсан аж. Хэдийгээр интернэтээс улс орныхоо талаар мэдээлэл авч байгаа хэдий ч хамгийн гол нь ийнхүү уулзаж ярилцаж байгаа нь ихээхэн  ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд  С.Батболд тэмдэглээд, гурван гол чиглэлд яриагаа хандууллаа. Манай улсын  хөгжлийн чиглэл  нь хүн руугаа  чиглэж,  үүнд анхаарлаа хандуулж чадвал хөгжлийн түлхүүр болж чадна гэдгийг онцлоод энэ нь гэр бүлийн үнэт зүйлс дээр тулгуурласан байх ёстойг тэмдэглэсэн юм. Бас Монголын үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого мартагдах ёсгүй аж.  Өөрөөр хэлбэл түүний  хэлснээр  монгол хүнээ хөгжүүлэх, монгол гэр бүл рүү чиглэсэн бодлого явуулах, монголын үндэсний аж ахуйн  нэгжүүдээ дэмжих энэ гурван зорилтыг Засгийн газар хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно гэдэгт  Ерөнхий сайд эргэлзэхгүй байгаагаа нуусангүй. Хүний хөгжил сангийн хуулийг баталснаар уул уурхайгаас олох орлогыг тэгш хуваарилах, монгол хүнээ хөгжүүлэхийн гол үндэс болсон боловсролыг дэмжих, мөн монгол хүн эрүүл байх  нэг гол зарчим даатгалын тогтлолцоог боловсронгуй болгох шинэтгэлийн томоохон ажлууд эхэлснийг дурдаж байв. Ирэх наймдугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10 мянган төгрөгийн хишиг, хувийг “ Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар төлөвлөж байгаа, 2011 оноос хишиг хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байгааг тэмдэглэсэн. Хавтгайрсан халамж гэж ярьдагч энэ халамж нь болж өгвөл хүн амынхаа зорилтот хэсэг рүү чиглэсэн тэтгэлэг байх ёстойг тэмдэглээд, хүн амаа жинхэнэ утгаар нь бүртгэх бүртгэлийн ажил эхэлснийг ч мэдээлээд амжлаа. Эх орондоо ирсэн дээрээ шинэчилсэн бүртгэлдээ хамрагдахыг хилийн чандад суугаа монголчууддаа ерөнхий сайд уриалж байв.
Өнгөрсөн   20 жилийн хугацаанд  улс төр, иргэний нийгэм руу чиглэсэн суурь тавигдсан болохоор одоо институци руу  бодлогоо чиглүүлнэ хэмээн Засгийн газрын тэргүүн онцолж байна. Өөрөөр хэлбэл шилжилтийн  20 жилээс одоо  эдийн засгийн хөгжлийн  20 жилийн буухиаг эхлүүлэх ажлыг  энэ Засгийн газар хийж бодитой үр дүнд хүрэх зорилт тавин ажиллаж байгааг ерөнхий сайд онцоллоо.  Үүнийг  Төмөр замын бодлогын  үзэл баримтлал, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудыг ашиглах  үндсэн чиглэл,  орон сууц болоод монгол мал зэрэг томоохон хөтөлбөрүүд  тус тус батлагдсанаар тайлбарлаж байлаа. Одоо эдгээр шийдлүүд ажил хэрэг болох ёстойг Монгол улсын Ерөнхий сайд  С.Батболд онцолж байв. Гадагш явж байгаа урсгалыг эх орондоо бий болгох, үүний тулд ажлын байр цалингийн түвшинг нэмэгдүүлэх талаар Засгийн газар бодит ажил хийх болно хэмээн бас дурдсан. Ялангуяа нарийн мэргэжлийн, ур чадвар шаардсан ажилтнуудын цалин хөлсний асуудалд ойрын үед өөрчлөлт гарах аж. “ Санхүү эдийн засгийн хямралтай байгаа ч иргэддээ чиглэсэн бодлогоо үргэлжлүүлэн ирэх аравдугаар сарын 1-нээс цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж төсвийн тодотголд тусгууллаа. Монгол хүн боломжийн цалин хөлс авч, хөдөлмөрөө зөв үнэлүүлж байх ёстой гэж боддог” хэмээн  Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дурдав. Түүнчлэн тэрбээр цааш дурьдахдаа” Гадаад улс орнуудтай харилцах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлын хүрээнд монголчуудаа хөгжүүлэх, нарийн мэргэжилд сургах, хөрвөх чадвартай иргэд бий болгоход анхаарч байна. Саяхан БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзахдаа монгол хүмүүсийг нарийн мэргэжилд сургахад анхаарах, энэ нь эргээд томоохон төслүүдэд Монгол солонгосын аж ахуйн нэгжүүд хамтрахад ажлын байраар хангагдах боломжийн тухай ярилцсан. Солонгост ажиллах гэж тус улсын ЭСЯ-ны гадаа хэдэн зуугаараа олон өдрөөр дугаарлан зогсдог байдлыг халж, эх орондоо боломжийн цалинтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бодлого гарган ажиллаж байна “ гэлээ. Бас Монгол улсын Засгийн газраас дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх Европын холбооны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт даган мөрдөгдөж буй зарчим, стандарт, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулах ажлыг эхлүүлснээ дурдлаа.

“Харийн оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа сайхан мэдээ бидэнд ирж байгаа.Бас тэд эх орон руугаа ирж байна. Тэдний ирсэн хойно яаж тэр мэдлэг боловсролыг нь ашиглах вэ гэдгийг одоо цөмөөрөө ярилцах хэрэгтэй” хэмээн ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд тэмдэглэж, эх орныхоо бүтээн байгуулалтад мэдлэг чадвар болоод биеэрээ оролцохыг тэдэнд  уриаллаа.
Мөн энэ үеэр Ерөнхий сайд судалгаагаар шалгаруулсан номинацид тэргүүлсэн иргэдэд шагнал гардуулсан. Олон улсын тавцанд монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа өргөмжлөлтөнөөр эрдэмтэн И. Цэрэн-Ололт,түшигтэй хүнээр Англид амьдардаг багш Д.Цэрэнбат, шилдэг холбоогоор Их Британы монголчуудын холбоо шалгарсан юм хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж