Д.Дэлгэрмаа есдүгээр байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Д.Дэлгэрмаа есдүгээр байрт шалгарлаа

Казахстанд эхэлсэн Азийн өвлийн спортын VII наадмын тэшүүрийн тэмцээн Астана хотын “Indoor Speed Skating Stadium”-д эхэллээ. Мөсөн дээрх зандан хүлэгтнүүдийн тэмцэл эмэгтэйчүүдийн 3000 метрийн уралдаанаар эхэлж, есөн тамирчин өрсөлдсөнөөс Японы Масако Хозүмо 3:07.82 амжилтаар алтан медаль хүртэв. Дөрвөн жилийн өмнө БНХАУ-ын Чанчүньд болсон Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр энэ удаа тивийн дээд амжилтыг тогтоосон юм. Мөнгө, хүрэл медалийг БНСУ-ын Ким Бо-Рём /+2.72/, БНХАУ-ын Ван Фэй /+2.95/ нар хүртжээ. Харин Монгол Улсын шигшээ багийн тамирчин Даланбаярын Дэргэрмаа 4:58.10 секунд хурдалснаар есдүгээр байрт шалгарсан байна. Тэрбээр тэргүүлэгчээс 50.28 секундийн ард барианд хоцорсон юм.

Үүний дараа эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдаан болж, Монголын багийн тугч Галбаатарын Ууганбаатар хурд сорьсон. Харамсалтай нь, 7:21.11 амжилтаар есөн тамирчны сүүл мушгилаа. Энэ зайд “Ванкувер-2010” олимпийн наадмын 10000 метрийн алт, 5000 метрийн зайн мөнгөн медальт БНСУ-ын Ли Сюн-Хүүн алт /6:25.56, Азийн дээд амжилт/, Казахстаны Дмитрий Бабенко мөнгө /+2.84/, хоёр олимпод оролцсон Японы Хироки Хирако хүрэл медалийн /+8.10/ эзэн болжээ. Эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайд 10 тамирчин өрсөлдөх байсан ч манай Галбаатарын Бэлгүтэй уралдаагүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж