
“Энэ бол дан ганц хурууны хээг мэдэрдгээс илүү нарийн технологи. Саяд ганц удаа л хурууны судсыг танихгүй байх магадлалтай. Тэгэхээр энэ бол маш аюулгүй, нарийвчлалтай технологи гэж үзэж болно” гэж “Hitachi” компанийн Европ дахь мэдээллийн нууцлал аюулгүй байдлын салбарын дарга Петер Жонес ярьж байна. Мөр үлдээдэг, дахин дуурайлган хийж болох хурууны хээнээс ялгаатай нь арьсны дотор талд байдаг учраас хурууны судаснуудыг мөрдөн, дуурайлгаж хийх аргагүй. “Таныг асуухаас чинь өмнө хариулахад, хүний хурууг тасдаж авсан ч ашиглах аргагүй байх болно” гэж тэр ярьжээ. Үнэндээ мөнгөний машиныг залилах явдлыг бууруулахын тулд Польшийн банк энэ арга хэмжээг авсан гэнэ.
“BPS” энэ оны эцэс гэхэд өөрийн бүх салбартаа биометрик АТМ-үүдийг суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тэдгээрийг мөн улсын тэтгэвэр тэтгэмж хүлээн авдаг терминаль болгож ашиглах болно. Хэдийгээр Европт анх удаагаа биометрик бэлэн мөнгөний машинуудыг нэвтрүүлж байгаа ч дэлхийн бусад улс орнуудад ашиглаад эхэлчихсэн байгаа юм. “Bloomberg”-ийн мэдээлж байгаагаар гэмт хэрэгтнүүд хуурамч карт болон бусад аргаар бусдын данснаас мөнгө авч хэрэглэгчийг хохироовол хохирлыг нь банк хариуцах тухай хууль Японд 2006 онд батлагдсанаас хойш энэ технологи Японд өргөнөөр дэлгэрээд байгаа гэнэ.
Одоогийн байдлаар Японд 80 мянга орчим биометрик АТМ хэрэглээнд байгаа бөгөөд үүнийг 15 сая гаруй хүн хэрэглэж байгаа гэж “Hitachi”-гийн Жонес ярьж байна. Эдгээр машинуудыг Японоос гадна Ази, Латин Америк, Ойрхи Дорнодод болон Африкийн зарим хэсэгт хүртэл ашиглаж байгаа бөгөөд биедээ карт авч явж дадаагүй орон нутгийн ажилчид хэрэглэх дуртай байгаа гэнэ. Одоогийн байдлаар энэ технологи барууны орнуудад нэвтрээгүй байгаа нь барууны арилжааны банкнуудын мэдээллийн нууцлалын систем асуудалтай байгаатай холбоотой. Хэрвээ банкууд биометрикс ашиглаж эхлэх бол тэд хэрэглэгчийн талаар ямар мэдээлэл цуглуулдаг, тэр мэдээллүүдийг хэрхэн ашигладаг талаар илүү нээлттэй болох ёстой болно.
Түүнчлэн эдгээр АТМ машинуудыг суурилуулахад олон мянган ам.долларын зардал гарах бөгөөд үүнийг барууны арилжааны компаниуд одоохондоо шаардлагатай зардал гэж үзэхгүй байгаа бололтой. Харин Польш биометрик АТМ суурилуулах шийд гаргасныг алсыг харсан шийд гэж аюулгүй байдлын шинжээч дүгнэж байна. Польш Европоос хамгийн түрүүнд энэ технологийг хэрэглэсэнд гайхах зүйлгүй. Тэд мэдээллийн эрин зуунд маш шийдэмгий, түрүүлж хөдөлж байгаа. 2012 онд тэд Европын Холбооны ерөнхийлөгчийн ажлыг хөтлөх үед тэд дэлхий дахинд “Бид ямар амжилтанд хүрснийг хар даа” гэж дэлхий дахинд танилцуулахыг хүсэж байгаа гэнэ.
30 сая хүн амтай, Европын зүрхэнд байрладаг тус улсад мэдээллийн технологи хүчтэй хөгжиж байгаа бөгөөд ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтийнх нь нэг чухал тулгуур байх болно гэж үзэж байна. Дашрамд дурдахад энэ оны долоодугаар сард Польш улс олон улсын мэдээллийн технологийн оюутнуудын дунд “Imagine Cup” хэмээх тэмцээн зохион байгуулах бөгөөд энэ тэмцээнд дэлхийн 100 гаруй орноос 300 гаруй мянган оюутнууд оролцдог гэнэ. Польшийн оюутнууд энэ тэмцээнд 13 удаа шагналт байранд орж байсан. Нэгдүгээр байранд таван удаа, хоёрдугаар байранд таван удаа, гуравдугаар байранд гурван удаа орж байсан. Польш оюутнууд Алгоритм, Богино кино, Тоглоом хөгжүүлэлт, Фотограф, “Embedded Development”, софтвер дизайн зэрэг төрлүүдээр өндөр амжилт үзүүлдэг гэж “CNN” агентлаг дамжууллаа.
Т.Бадрах