
Харин энэ гэрээг хэтэрхий өндөр үнэтэй болсон талаар шүүмжлэлүүд гэрээний тухай мэдээлэлтэй зэрэгцэн гарч эхэлсэн юм.
Мэдээж багийн хувьд тэр гол тоглогч ч бусад өндөр цалинтай тоглогчидтой харьцуулахад хангалттай сайн биш. Гэхдээ “Уайлд” түүнийг ийм цалин авах эрхтэй тоглогч гэж үзжээ. Өнгөрсөн улиралд 22 гоол, 49 оновчтой дамжуулалт өгсөн Койву талбай дээр болон хувцас солих өрөөнд үнэхээр тэргүүлэгч байж чадсан юм. Тэр шилдэг довтолгооны тоглогч төдийгүй, хамгаалалт сайтай довтлогч гэдгээрээ магтаал сонсдог.
Мариан Габорик тус багийг орхиж, “Рейнжерс”-ийн нэг болсноор Финлянд тоглогч багийн гол ноён нуруу болсон юм. Тэр ч үүндээ сэтгэл хангалуун байдаг.
Койву гурван жилийн өмнө 13 сая ам.долларын дөрвөн жилийн гэрээ байгуулж байсан бөгөөд 3,7 сая ам.долларын нэг жилийн гэрээгээ цуцалж, шинэ гэрээг хүлээн авч байгаа нь энэ юм. Одоо түүний цалин 5,4 сая ам.доллараас эхлэх бөгөөд сүүлийн жилдээ 9,18 саяыг багаасаа авах аж. Эдгээр жилүүдэд урамшуулал болгож, цалин дээрээ 1,89 сая ам.долларыг авч байх юм байна.
Койву хоёр улирал дараалан “Уайлд” багийг оноогоор тэргүүлж байгаа. Тэр мөн плей-оффт ялалт байгуулдаг үзүүлэлтээрээ тус лигийн чансаанд хоёрдугаарт бичигддэг юм.
“Миккогоос илүү хэдэн төвийн тоглогч энэ лигт байгаа билээ. Тийм учраас миний бодлоор энэ бол түүнд өгөх ёстой мөнгөн дүн. Хэрэв түүнтэй шинэ гэрээ хийгээгүй байсан бол 2011 оны долдугаар сарын 1 гэхэд маш олон багаас түүнд санал явуулах байсан гэдэгт эргэлзэхгүй байна” гэж багийн менежер Флетчер хэлжээ.