
Америкийн зохиолч Стефани Майерын бүтээл Twilight буюу "Харуй бүрий" зохиол 2005 оноос дэлхий нийтийг шуугиулж, залуусын унших дуртай номын нэг болсон билээ. Үүнээс хойш номын гурван цуврал хэвлэгдсэн бөгөөд 2008 онд эхний цувралыг дэлгэцийн бүтээл болгосон нь кино сонирхогчдын хувьд гайхалтай үйл явдал байсан юм. Түүнчлэн "Харуй бүрий: Шинэ сар" зэрэг киноны хоёрдугаар анги 2009 онд нээлтээ хийж, харин гуравдугаар анги болох "Хиртэлт"-ийн монгол дахь албан ёсны нээлт өнгөрсөн баасан гаригт “Өргөө” кино театрт боллоо.
Гэхдээ олон нийтийн сүлжээ сайт "Фейсбүк"-ийн ачаар цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгчид, тэдний дундаас "Монголын кино сонирхогчид" бүлгийн зохион байгуулснаар 300 гаруй гишүүд өнгөрсөн пүрэв гаригт буюу киноны нээлтээс нэг хоногийн өмнө "Хиртэлт"-ийн анхны үзэгчид болсон юм.
Биечлэн уулзаж байгаагүй ч, цахим ертөнцөд аль хэдий нь танил болсон олон залуус гар барин мэндэлж, сонирхолтой яриа дэлгэж цагийг өнгөрүүлж байсан юм. Энэ үеэр "Өргөө" кино театрын Маркетингийн албаны дарга н.Аюурзана хэлэхдээ “Цаашид манай кино театрт гарах дэлхийн шилдэг киноны анхны үзэгчид нь “Монголын кино сонирхогчид” бүлгийн гишүүд байх болно” гэв. Мөн энэ үеэр кино сонирхогчдын дунд "Харуй бүрий" киноны талаар асуулт, хариултын уралдаан явуулж зургаан оролцогчоос киноны тухай мэдлэгээрээ илүүрхсэн нэгэн охин "Харуй бүрий" номын монгол хувилбараар шагнуулсан байна. “Өргөө” кино театрт “Eclipse” буюу “Хиртэлт” кино нь өдөр бүр гарч байгаа юм.
М.Анир