Ч.Санжаадамба Монгол туургатны наадамд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба Монгол туургатны наадамд түрүүллээ

Дэлхийн монголчуудын IV чуулган долдугаар сарын 15-17-нд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо  болсон билээ. Энэ өдрүүдэд мөн Монгол туургатны үндэсний бөхийн III наадмыг хамтатган зохион байгуулсан тул манай бөхчүүдээс нэлээд нь очиж зодоглоод иржээ.

Монгол туургатны үндэсний бөхийн барилдааны анхныхыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан бол хоёр дахийг нь Өвөрмонголд явуулж, уг хоёр наадамд хоёуланд нь цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлсэн байгаа. Тэгвэл Монгол туургатны наадмын хошой аварга болоод буй цэргийн арслан Ч.Санжаадамба Улаан-Үдийн наадамд мөн түрүүлжээ.

Энэ удаагийн наадмыг зохион байгуулагчдын санал нэгдсэний дагуу бөхчүүдийг -75 кг, +75 кг хэмээн хоёр ангилж барилдуулсан байна.  Ингээд -75 кг-ын жинд  Тувагийн бөх Сэлдыс Монгуш  түрүүлж, манай бөх Х.Мөнхбаяр үзүүрлэжээ. Харин +75 кг-ын жинд улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Д.Рагчаа, харцага Т.Мөнгөнцоож, Д.Батболд, улсын начин Т.Өсөх-Ирээдүй, Ч.Баянмөнх нарын манай шилдэг бөхчүүд зодоглосноос цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан Д.Рагчаа үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт улсын харцага Д.Батболд, улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй нар үлдсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж